Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа. Өнөөдөр явган хүний замыг резинэн хавтангаар бүрж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоожээ. Гэсэн хэдий ч замыг төлөвлөсөн хугацаандаа буюу тавдугаар сарын 8-нд нээнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга Г.Билгүүн “Энхтайваны гүүр ашиглалтад орсноос хойш их засвар нэг л удаа хийсэн. Өмнө нь бетонон суурьтай замыг будаад өнгөрдөг байсан бол энэ жил халтиргаа гулгаанаас хамгаалсан керамик гадаргуутай зориулалтын бүрмэлээр бүрж байна. Энэ нь насжилтын хувьд ч удаан. Гүүрний засварын тохижилтын ажил эхлээд тав хонож байна. Их засвар биш, урсгал засвар гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 10 гаруй хоногийн өмнө болсон шуурганаар 30 жил болсон гэрлийн шон унах аюултай болсон. Иймээс гэрлийн шонг бүрэн бэхэлж, стандартын дагуу суурилуулж байгаа” гэв.
Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Д.Ганбат “Энхтайваны гүүрний хэв гажилт, заадас засварын ажил, мөн хучилтын хийцийг бүрэн засаж байна. Гурван хэв гажилтын заадасны хоёрыг нь засчихсан” хэмээн ярилаа. Гэрлийн шонгуудыг маргаашаас суурилуулж эхлэх юм.