Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дорж: Тариалан эрхлэлт баруун, төвийн бүсээр тааламжтай, зүүн бүсэд хүндрэх төлөвтэй байна

Монгол Улсын гавьяат агрономич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Доржтой хаврын тариалалтын талаар ярилцлаа.


-Манай тариаланчид бэлтгэлээ хэр хангаж байна вэ. Энэ жил тариа тариалахад байгаль цаг уурын хэр тааламжтай орчин бүрдэхээр байна вэ?

-Над руу олон газраас ярьж байна. Тариаланчид маань бүгд бэлтгэлээ хангасан. Гагцхүү хэдийд, ямар технологиор тарих уу хэмээн асууж байна. Хаврын тариалалт хийхэд гурван гол үзүүлэлт байдаг. Нэгдүгээрт, хөрсний чийгийн хангамж чухал. Хоёрдугаарт 5,6 дугаар сард тунадас хэдий хэмжээтэй унах вэ. Гуравдугаарт, агротехникийн асуудал байна. Өөрөөр хэлбэл, ямар сортын үрийг ямар нормоор,хэр гүнд тарих асуудал юм. Энэ нь манай орны тариалангийн бүс бүрээр харилцан адилгүй байна.

Саяхан хаврын тариалалтад баримтлах зөвлөмжийг бичлээ. Ж.Намбар хэмээх эрдэмтэн бид хоёр Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж, батлуулсан. Уг зөвлөмж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ирж, эндээс аймгууд руу түгсэн. Тариаланчдад очсон байх учиртай. Үүн дээр 5, 6, 7 дугаар сарын цаг агаарын тойм гарсан. Мөн хөрсний чийгийн хэмжээнд тулгуурлаж тариалалтыг хэрхэн явуулахыг бичсэн. Гэхдээ уг зөвлөмжийг явуулснаас хойш нөхцөл муу байсан газрууд сайжирлаа. Бороо, цас холилдоод нэг хэсэг сайхан орлоо. Энэ байдал нь муу гэсэн газруудыг өөрчилжээ. Өнөө жил төвийн бүсийн хувьд хөрсөнд байгаа чийг нь тарьсан ургамал соёолоод гараад ирэх, болц хүртэл чийгээр дутагдахгүй байхаар байна. Төвийн бүсэд багтдаг Төв аймгийн Борнуур, Угтаал, Жаргалант, Баянхангай зэрэг урд талын хэсэг суманд чийгийн хүрэлцээ их муутай байсан юм. Тэгвэл энэ сумдад саяхан бороо их оржээ.

Булган, Хөвсгөл мөн чийг хангалттай болжээ. Ингэхээр төвийн бүсэд тавдугаар сард бага зэрэг халалттай байгаа боловч одоо чийг хангалттай учир тариалалт дажгүй сайхан байна. Зургадугаар сард унах тунадасны хэмжээ олон жилийн дундаж байна. Мөн халалт байхгүй. Иймээс ургамлын өсөлт хөгжлийг шийддэг гол хугацаа буюу зургадугаар сард таатай сайхан байх нь ээ. Долдугаар сард тунадасны хувьд олон жилийн дундаж буюу 7080 мм чийг унана. Ийм хэмжээний чийг унахад бага хэмжээний халалтад дажгүй гэж үзэж байна. Цааш наймдугаар сард жаахан халалт байж болохоор байна. Гэхдээ хур тунадасны дундаж 100 мм тул халалт асуудал болохгүй. Харин наймдугаар сарын сүүлчээр буудайн болц урьд жилүүдийнхээс арай ахиу байж магадгүй байна. Тийм учраас энэ газрууд тариа хураалтын бэлтгэлээ эртхэн хангасан нь зүйтэй. Энэ бүс нутгаас нийт ургацын 7080 хувийг авдаг болохоор ерөнхий дүр зураг сайхан байна.

Дараа нь баруун бүс. Увсын Баруунтуруунд 40өөд мянган га газар байдаг. Мөн Завханы Тэс, Цагаанхайрхан суманд тус бүр 10 гаруй мянган га газар бий. Завханы сумдаас мэдээ ирээгүй байна. Гэхдээ баруун бүсийн цаг агаарын мэдээгээр гайгүй байгаа юм. Температур 5,6 дугаар сард дундаж хэмжээнд байна. Тунадас мөн тийм хэмжээнд байна. Харин долдугаар сараас температур хэвийн байсан ч тунадасны хэмжээ ахиу болно гэж гарсан. Ийм сайхан таарцтай байвал баруун бүсэд ургац дажгүй гарах боломжтой. Үүнд бас болц нь арай түрүүлж магадгүй. Есдүгээр сард аль ч газар тунадас, температур хэвийн хэмжээнд байх учир ургац хураалт боломжийн болох нь ээ. Гэхдээ цаг уурын мэдээ нь хугацааны хувьд холдох тусам таарц нь бас мууддаг гэдгийг анхаарах нь зүйтэй. Иймд яваандаа сар сараар нь тодруулаад явах хэрэгтэй.

-Зүүн бүсийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Баруун, төвийн бүсийн хувьд боломжтой сайхан байна. Харин зүүн бүсийн хувьд нэлээн хүндэрч магадгүй. Зүүн бүс гэдэг нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсэг тал юм. Тариалалтын бүс болсон эдгээр газарт 5,6,7 дугаар сард халалттай байна. Тунадасны хувьд тавдугаар сард бага, зургадугаар сард дундаж хэмжээнд, долдугаар сард бага байна. Энэ хүнд нөхцөлд яах вэ гэдгийг дээрх зөвлөмжид бичсэн байгаа. Хэнтий, Дорнодын хойд талын сумд уул нуруудтай, ой тайгатай учир цаг агаарын бичил нөхцөл хүчтэй нөлөөлдөг. Жишээ нь, тус бүс нутгийн хоёр компани жил бүр тогтвортой ургац аваад байдаг. Тэгэхээр бичил уур амьсгалын нөхцөл хүчтэй илэрдэг газруудад олон жилийн турш тариа тарьсан тэр л технологиороо тариарай. Есдүгээр сар болоод ирэхэд тариалангийн аль ч бүсэд олон жилийн дундажтай ижилхэн байгаа юм. Хэнтий аймгийн Биндэр сумын агрономич н.Аюур гэж хүн байна. Олон жилийн дадлага туршлагатай. Ер нь зүүн бүс нутагт олон жил тариа тарьсан туршлагатай хүмүүс бий. Тэд байгаль цаг уурыг ажиглаж, тариалалтаа зохицуулж ирсэн туршлагатай. Үүнийгээ ашиглана биз дээ. Халх голын хувьд нэлээн хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, Дорнод талын бүсийн урд хэсэг, Сүхбаатарын хойд хэсэг рүү нэлээн хүнд байдалтай болж ирнэ. Үүн дээр ургац бий болоход гол нөлөөлдөг 5,6,7 дугаар саруудад халалттай, тунадас нь дундаас доош байгаа юм. Энэ нөхцөлд тариалалтын хугацаагаа нэлээн хойшлуулж байгаад үрийн нормоо ихэсгээд тарья. Наймдугаар сарын сүүлчээр ургац хураах болоод ирэхэд халалт их байх учир буудайн болц гүйцэх магадлалтай. Болц жигд болохгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр гүйцэж байгаа хэсгийг нь хурааж авах байдлаар үзье. Тарихдаа үрийн суулгах гүн найман см байхад болох болов уу. Зүүн бүсэд үүл нь гарч өгвөл буудахад бэлэн байх хэрэгтэй. Ялангуяа, зургадугаар сард үүл л гарах юм бол буудмаар байна. Амжилттай болж чадвал хүнд байдал өөрчлөгдөх боломжтой. Өнгөрсөн сард төвийн бүсээр хур тунадас их буулаа. Энэ нь Төв аймагт үүл буудсан бололтой юм билээ. Үүний үрээр цас, бороо орсноор газар тариалангийн байдлыг тэр чигээр нь өөрчилж, таатай болгож байгаа юм.

-Тариалалтыг хэзээ эхлүүлэх боломжтой вэ?

-Төвийн бүсэд багтдаг өндөр уулын сумд байна. Жишээ нь, Хөвсгөлийн Тариалан, Цагаан-Үүр, Рашаант гэх зэрэг тариалантай сум байна. Энд тариалалтыг тавдугаар сарын эхээр эхлэх хэрэгтэй. Хугацаа алдаж болохгүй. Намрын хүйтрэлт эрт явагдаж болзошгүй байгаа учир тариалалтаа эрчимжүүлж, үрийнхээ нормыг арай ахиу буюу 150-160 кг байхаар тооцоорой. Тариалалтыг чанартай, шаардлагын дагуу хийхэд нэгдүгээрт талбайн гадаргуу их нөлөөтэй. Хоёрдугаарт, хөрсний нягтрал чухал шүү. Манай орны хувьд хөрсний нягтрал 1.1.-1.2 см куб байхад таардаг гэдэг. Өвөл талбайд мал ороод нарийн судас шиг зам гаргаад хаячихсан байдаг. Тэрийг сийрүүлж өгөх шаардлагатай. Мөн талбайн гадаргуугаа тэгш байлгахыг бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, онцолж хэлэх юм нь манайхан техникээ өвөл засаад бэлэн болчихдог. Гэхдээ энэ чигээр нь шууд талбай дээр очоод ажиллуулж болохгүй. Талбайн байдалд тохируулж техникийн тохируулгыг заавал хийх хэрэгтэй.

-Манай улс жил бүр тийм хэмжээний ургац хурааж авна хэмээн хавар төлөвлөдөг ч намар нь хэмжээ буурдаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Хураалтын үеийн цаг агаарын нөхцөлөөс нэлээн хамаараад байна уу гэж хардаг. Мөн хэнз түрүү. Долдугаар сарын дундаас хойш бороо ороод ирэхээр хэнз түрүү гэж гарч ирдэг. Яг гол ишин дээрээ байгаа түрүү хэвийн ургалтаар явж байгаа учир боловсорчихдог. Гэтэл хэнз түрүү долдугаар сард дөнгөж үүсч байгаа учир ургац тогтоолтын үед тоологдож байна. Ингээд бороо их ороод байх юм бол хэнз түрүүнд гэрэл, дулаан дутагдаад боловсорч чадахгүй болдог. Тэгээд үтрэм дээр хүрч ирэхээр нөгөөх нь цэвэрлэгдээд стандартад тохирох үр гарахгүй, тэжээлийн зориулалтаар хэрэглэгдэхээр болдог. Үүнээс болж хэмжээ буураад байна уу даа. Нэг үрнээс 1314 ширхэг түрүү гарсан байгаа юм. Тэрний гурав нь хэнз түрүү. Нэлээн эрт үүссэн учир үр нь боловсрох дөхсөн. Цаад 11 нь бүр боловсорчихсон байдалтай байдаг. Хэнз түрүү үүсэлтийн талаар зохих судалгаа хийсэн. Ялангуяа, долдугаар сарын дундуур чийг, температур хамгийн тохиромжтой байх үед үүсээд байна. Манай орны онцлог юм уу даа. Үүнийг нарийвчилж судлах шаардлагатай.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *