-“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ-
БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулганыг зохион байгуулж байна. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх уг чуулган өчигдөр нээлтээ хийсэн юм. Уг чуулганыг EDUEXPO.MN сайтаар болон МҮОНРТ-ээр улс даяар шууд дамжуулж байна. БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөрийг 2018 онд баталсан нь эх дэлхийгээ хайрлаж хамгаалж ирсэн монголчуудын уламжлалт арга ухааныг баталгаажуулсан чухал ажил болсон. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулдаг уг төслийн хүрээнд одоогоор 30 сургуульд энэ төсөл амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын хэмжээнд Тогтвортой боловсролын асуудлыг цар тахалтай ийм үед ч ач холбогдол өгч хөндөж, үндэсний хэмжээний чуулган зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна” хэмээгээд цахим чуулганд оролцогчдод амжилт хүссэн юм. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Монголчууд бол эх дэлхийгээ хайрладаг, орон нутагтаа сүсэглэдэг, шүтэж харьцдаг, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн ард түмэн. Харин сүүлийн жилүүдэд энэ сайхан зан заншил маань алдагдаж ирсэнд хэн хүнгүй харамсдаг. Яг ийм үед Монгол Улсад Тогтвортой хөгжлийн боловсролын асуудал хөндөгдөж, төсөл хөтөлбөр хэрэгжиж буй нь цаг үеэ олсон зөв ажил болж буйг энд цохон тэмдэглэе. Үндэсний хэмжээний ийм томоохон төслийг олон жилийн турш тасралтгүй, зогсолтгүй явуулж буй нь сайшаалтай байна. Үндэсний хэмжээний цахим чуулганд оролцогчдод амжилт хүсье” гэлээ.
“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулганы эхний илтгэлийг доктор, профессор Д.Бадарч Канад улсаас тавьсан юм. Тэрээр ШУТИС-ийн “Нээлттэй боловсрол” төвийн зөвлөхөөр ажилладаг юм байна. Д.Бадарч “Тогтвортой боловсролын тухай ярихын өмнө тогтвортой боловсрол бий болох, үүсэх урьтал нөхцөлийн тухай түүх сөхье. 1952 оны арванхоёр дугаар сарын 5-нд Лондон хот нүүрсний утаагаар бүрхэгдсэн. Найм хоногийн дотор 12 мянган хүн угаартаж нас барсан. Нүүрсээр ажилладаг маш олон цахилгаан станцтай байсан нь агаарыг дээд зэргээр бохирдуулсан. Тэр үед Японы Минаматад далайн усанд мөнгөн ус алдагдсан аюултай хэрэг гарсан. Энэ нь дэлхийн хэмжээний томоохон шуугиан үүсгэж байлаа. Үүнээс үүдэж мөнгөн усны хордлогын Минамата гэдэг өвчин ч гарсан. Канадын хуванцрын үйлдвэрт мөн мөнгөн ус алдагдаж, бохирдол бий болсон. Хор хохирлыг нь яаралтай арилгах асуудал ч дэлхийн хэмжээний анхаарлын төвд орсон юм. Арлын тэнгис хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог байсан бол одоо тав дахин багасаад байна. Энэ бүхнийг яагаад энд дурдаад байна вэ гэхээр хүн төрөлхтөн цаашид өнө удаан жил амьд байх цор ганц арга, зам бол байгаль орчноо хамгаалах юм. 1969 онд Медуоз “Өсөлтийн хязгаар” илтгэлдээ “Хүн төрөлхтөн хүнсний хомсдолд орно. Байгаль орчин одоогийнхоосоо илт доройтно” гэж ярьсан нь тухайн үедээ сонин сонсогдож байсан ч 1972 оны Стокольмын хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг дэлхийн хэмжээнд хөндөн гаргаж ирж, улс орнууд үүнд анхаарч эхэлсэн гэж болно. 1992 оны Риогийн том хурлын үеэр ч энэ асуудлыг хэлэлцэж, 2002 онд Йохансбургийн Тогтвортой хөгжлийн тунхаглалыг гаргаж байсан. Үүнээс дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжил гэдэг ойлголтыг авч эхэлсэн юм” хэмээгээд цааш нь “Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн дэвшлийг тэнцвэртэй авч явах ёстой. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Экологийн боловсролын асуудлыг анх хөндөн гаргаж ирсэн нь Тогтвортой хөгжлийн боловсролын эхлэл байсан. НҮБ Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил гэж зарлаж, тэмдэглэж байлаа, 2004-2014 онд. Тэр 10 жилийн ажлыг ЮНЕСКО зохион байгуулж ажилласан юм” гэв.
Хүүхдийн хөгжил, боловсрол, хүмүүжилд голлон нөлөөлдөг гурван том хүчин зүйл байдаг юм байна. Нэгдүгээрт, байгаль орчин. Байгаль орчин нь хүүхдийн авьяасыг нээдэг. Хоёрдугаарт, гэр бүл. Гэр бүл бол хүүхдийн авьяасыг хөгжүүлдэг орчин. Гуравдугаарт, юмс үзэгдэл. Юмс үзэгдэл нь хүүхдэд туршлага хуримтлуулдаг. Хүүхэд цэцэг үнэртэж, шувуудын жиргээг чихээрээ сонсож байж байгалийн боловсролыг авдаг болохоос ном харснаар тэр хосгүй боловсролыг олж авахгүй. Юмыг бодитоор харах ёстой. Энэ бүхнээс тогтвортой хүмүүжлийн асуудал ч урган гарна. Дээхнэ үед “Түмэн бодис”, амьтан, ургамал судлалын хичээл ордог байсан. Анги танхимын ийм сургалтыг байгальтайгаа уялдуулж байсан нь тогтвортой боловсрол олгож байсан. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь мэдлэг цутгах аргыг хэлдэггүй. Иргэд нь боловсрол эзэмшинэ гэдэг тогтвортой хөгжлийн бат суурь юм гэдгийг доктор Д.Бадарч илтгэлдээ онцолж байлаа. Өнөөдөр Монгол орны байгаль доройтож, цөлжилт ихэсч, улаан шороо дэгдэж, олон мянган гол горхи, нуур цөөрөм ширгэсээр байгааг мэргэжлийн байгууллагууд нь байнга мэдээлдэг. Энэ асуудал бол зөвхөн монголчуудын асуудал биш. Нэг оронд байгаль доройтоход хөрш зэргэлдээ орнуудад ч нөлөөлдөг учир тогтвортой хөгжлийн боловсрол бол дэлхийн нийтийн үйл хэрэг юм. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн бодлого хөтөлбөртэй болж, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжиж, ач холбогдол өгч байгаа нь дэлхийн хэмжээний тунхаглалд нэгдэж, байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах монголчуудын арга ухааныг дахин сэргээх чухал ач холбогдолтой юм. Цахим чуулганы үеэр тавьсан ганцхан илтгэлээс л ийм өргөн мэдээлэл авч байна гэхээр маш өгөөжтэй арга хэмжээ эхэлжээ гэж харж байна. Энэ удаагийн цахим чуулганы үеэр олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Та бүхэн цахим чуулганы талаар www.eduexpo.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрийнхөө үгийг хэлэх боломжийг ч зохион байгуулагчид нь олгож байгаа юм байна.