Ноолуурын үнэ ямар байгаа талаар Улаанбаатар хот дахь түүхий эдийн төвлөрсөн цэг “Эмээлт” захаас сурвалжиллаа.
Энэ жил бүтэн жилийн өнжмөл ноолуур тушааж байгаа малчид их байгаа аж.
Эхлээд “Эмээлт” захын ноолуур ченж Н.Цогтсайханаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Энэ жилийн ноолуурын ханш 110 мянгаас эхэлсэн. Яг одоо би 110-120 мянган төгрөгийн хооронд авч байна.
Жаахан бүдүүн ширхэгтэй говийн ноолуур кг нь 100-110 мянга, нарийн ширхэгтэй зүүн аймгийн ноолуур кг нь120-150 мянган төгрөгийн ханштай байна. Гуравдугаар сараас хойш төвийн бүсийн ноолуурын ханш өсөөгүй харин зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ноолуурын ханш өссөн үзүүлэлттэй байгаа.
Одоо ирж байгаа ноолуур ихэнх нь төв аймгаас 100-120 мянган төгрөгийн ханшаар нийлүүлж байна. Хөл хориотой байгаа болохоор өдөрт 100-200 кг ноолуур авч байгаа. Малчид биечлэн ирэх боломжгүй байгаад байна. Тухайн аймаг, сумынхаа ченжүүдэд өгч байгаа байх. “Эмээлт”-д зогсож байгаа ченжүүдийн ханшны зөрүү ганц хоёр мянган төгрөг л байгаа.
Гэхдээ энэ жилийн хувьд ноолуур харьцангуй боломжийн үнэтэй байна. Өмнө жил баруун аймгийн ноолуур кг нь 50-60 мянган төгрөгийн ханштай байсан. Харин зүүн аймагт дөнгөж кг нь 100 мянгад хүрсэн.
Мөн өмнө жил Засгийн газар ноолуурыг 100 мянгаас буулгахгүй авна гэснээс болж бүтэн жил ноолуураа дарсан малчид цөөнгүй байна. Өнжмөл ноолуур их ирж байгаа. Бүтэн жил дарагдсан ноолуурын чанар мэдээж мууддаг.
Ийм ноолуурыг 80-90 мянган төгрөгөөр авч байна. Энэ жилийн ноолуурын хувьд ч бас чанар муу ирж байна. Ихэнх нутгаар салхи шороотой байгаа учраас шороотой ноолуур ирнэ. Ирсэн ноолуураа одоогоор эргэлтэд оруулж гаргаж чадахгүй хадгалж л байна. Хөл хорио тавигдахаар л урагшаа гаргана. Ноолуур ч их хэмжээгээр ирэх байх гэж бодож байна” гэлээ.
Ноолуурын ченж Ж.Эрдэнэбилэг “Миний хувьд “эмээлт” зах дээр орж ирсэн ноолуурыг кг нь 105-117 мянган төгрөгөөр худалдан авч байна. Шороогүй, нарийн ширхэгтэй ноолуурыг кг нь 117 мянгаар, шороо ихтэй бүдүүн ширхэгтэй бол 110 мянгаар гэх мэт ноолуурын чанараас хамаарна.
Мөн Говь-Алтай, Дорнод, Увс зэрэг аймгуудын ченжүүдэд мөнгө өгч ноолуур тэнд нь хурааж байгаад татаж авдаг. Өнөөдөр л гэхэд 9 тонн ноолуур буусан байна.
Дорнод аймгаас 153 мянга, Увсаас 120 мянга, Говь-Алтайгаас 130 мянгаар гээд килограммын үнэ чанараасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй.
Өнөөдрийн байдлаар нийт 76 тонн ноолуур аваад байна. Миний хувьд жил бүрийн хаврын хагас гэхэд 150-200 тонн ноолуур авдаг гэхэд энэ жил ноолуурын гарц болон нийлүүлэлт их муу байна. Үүнд хөл хорио их нөлөөлж байна. Хорио тавигдахаар ноолуурын нийлүүлэлт нэмэгдэх байх гэж бодож байна. Өнжмөл ноолуур миний хувьд бол авахгүй байна. Одоо авсан ноолуураа угааж самнаад экспортод гаргахад бэлдэнэ. Зохих журмын дагуу Хятад болон Турк улс руу гаргана” гэсэн юм.
Эдгээр ярианаас үзэхэд малчид өмнө жил үнэд хүрнэ хэмээн ноолуураа бүтэн жил хадгалснаас үүдэн энэ жил бага үнээр өгч байгаа бололтой. Удаан хугацаанд хадгална гэдэг ноолуурын чанар сөргөөр нөлөөлдгийг “Эмээлт” захын ченжүүд ам уралдан хэлж байсан юм.
Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын байдал тогтворгүй байгаа билээ. Ялангуяа сар гарны өмнө гамшиг нүүрлэсэн Дундговь, Говь-Алтай, Говь-сүмбэр аймгуудын малчид ямаагаа хараахан самнаж амжаагүй гэнэ. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн малчин С.Самданпүрэвээс тодрууллаа. Тэрээр “Манай аймгийн зарим малчид ямаагаа самнаад л байх шиг байна. Аймагт ноолуур үнэ 95-110 мянган төгрөгийн хооронд дуулдсан. Харин Төв аймагт шороо ихтэй бол 112 мянга, харин нутгийн ноолуураа 115 мянгаар авч байна гэсэн шүү. Ер нь шороон шуурга их тавьж байгаа учир шороогүй ноолуур гэж хаа байхав дээ” хэмээв.
Хөдөө Аж Ахуйн Биржээс ноолуур хэдэн төгрөгөөр борлуулахаар тогтсоныг тодруулахад ” Манайх одоохондоо хөл хорио гээд ажиллахгүй байгаа” гэсэн юм.
Харин дөрөвдүгээр сарын 1-нээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн баталжээ.
Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад “Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг шаарддаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм. Уг гэрчилгээг авсан биржийн ноос ноолуур экспортод гарах боломжтой болж байгаа аж.
н.цогзолмаа