-ТОВЧХОН-
Японы парламент бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр /RCEP/-ийг баталжээ. Энэхүү бичиг баримтыг өнгөрсөн онд байгуулсан агаад хэлэлцээрт нэгдсэн улс орнуудын тал гаруй хувийнх нь парламент соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болох гэнэ. Ажиглагчдын таамаглаж буйгаар 2050 он гэхэд RCEP-ийн орнуудын ДНБ-ий нийт хэмжээ 100 их наяд ам.доллар болж өснө гэж үзэж байна.
* * *
БНСУ-ын эрүүл мэндийн байгууллага ирэх сараас эхлэн дархлаажуулалтад бүрэн хамрагдагсад 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтойг анхааруулжээ. Ковидын эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа л дээрх журам иргэдэд үйлчлэх аж. БНСУ-д хоёр тунт “Pfizer”, “AstraZeneca” вакциныг хэрэглэж байна. Үүнээс гадна “Johnson & Johnson” вакцинд зөвшөөрөл олгосон байгаа аж. Харин “Moderna”,
“Novavax”-н вакцинуудад хэрэглэх зөвшөөрөл хараахан олгоогүй юм байна. Мөн Оросын “Спутник V”, Хятадын “Sinofarm” зэрэг БНСУ-д зөвшөөрөгдөөгүй вакцинаар тариулсан иргэдэд шинэ журам үйлчлэхгүй аж.
* * *
Хятад улс “Тяньхэ” сансрын станцын үндсэн модулийг пуужин зөөвөрлөгчөөр дэлхийн тойрог замд амжилттай байршуулжээ. Урт нь 16.6 мeтр, голч нь 4.2 мeтртэй уг модулийг Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас өчигдөр хөөргөсөн байна. Энэ нь Хятадын хамгийн том сансрын аппарат болж байгаа юм. “Тяньгун” станц нь T хэлбэртэй байх агаад дунд хэсэгт нь “Тяньхэ” үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсрах гэнэ. Станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР