Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрны цэс гарчээ

Зориг сангаас 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн оролцогч залуус “Нэг тэрбум хайр, Нэг тэрбум ертөнц” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Уг төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр хайх сувгийг нэмэх, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг, зөв ойлголтыг өгөх юм.

Монгол улсын 2020 оны хүн амын тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт 106,400 иргэн бүртгэсэн. Эдгээрээс 94.8 мянга нь хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил хомс, мэдээлэл дутуу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эдгээр хүмүүсийн 72 орчим хувь нь ажилгүй хэмээх судалгаа бий.

Төслийн хүрээнд монголын хамгийн том хөдөлмөр зуучлалын вебсайт болох “Zangia.mn”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын байрны заруудаас бүрдэх цэс шинээр үүсгэсэн. Үүгээр дамжуулан иргэд өөрт тохирсон ажлын байрны мэдээллийг нэг дороос авах боломжтой болжээ.

Төслийн багийн гишүүд “Манай улсад өмнө нь гадаад, дотоодын байгууллагуудын хийсэн олон судалгаануудтай танилцаж, энэ чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үед өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажил эрхлэх боложтой ч нийгэм дэх буруу хандлага, ажлын байрны мэдээлэл хомс байдгаас шалтгаалан ажил хийдэггүй гэх хариултуудтай олон удаа тулгарсан. Тиймээс уг асуудлуудад бага ч гэсэн шийдэл олох үүднээс Zangia.mn-тэй хамтран уг цэсийг хөгжүүлсэн. Ингэснээр иргэд тус цэс дээр нээлттэй зарласан ажлын байрнуудтай танилцаж, өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажлын байрыг олох боломжтой. Үүнээс гадна бид төслөөрөө дамжуулж нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг хандлага түгээх үүднээс компанит ажил өрнүүлж байна” гэв.

Та дараах холбоосоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрнуудтай ЭНД дарж танилцах боломжтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *