УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ярилцлаа.
-Юуны өмнө урилга хүлээж авсанд баярлалаа. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш анхны ярилцлагаа манай сонинд өгч байгаа учраас нэлээд дэлгэрэнгүй хөөрөлдөх бодолтой байна.
-Баярлалаа.
-УИХ-ын гишүүн болоод таны анхны чуулганы хуралдаан хэрхэн өнгөрсөн бэ гэдгээс эхэлж асуумаар санагдлаа. Учир нь С.Ганбаатар гишүүн таны чихэнд шивнээд л, та инээмсэглээд л байсан бичлэг цахим орчинд өндөр хандалт авч, иргэд хөгжөөнтэй байдлаар олон сэтгэгдэл бичиж үлдээсэн байдаг. С.Ганбаатар гишүүн тэр үед танд юу гэж хэлсэн юм бэ?
-Тэр зургийг нээрээ хэн гэдэг зураглаач авсан юм бол оо. Энэ тухай бодож байсангүй шүү. Миний хувьд УИХ-ын чуулганы танхимд анх орж суусан бишүүрхэл, гишүүний үүргээ ёс зүйтэй хаших тангараг уншина гээд нэг тийм сүрдэм мэдрэмж төрөөд сууж байсан санагдаж байна.
Сурагч, оюутан байхад “А” үсгээр эхэлсэн нэртэй нь эхэлж асуугддаг тэр нэг түгшингүй мэдрэмж ч давхцаж байх шиг сандарч догдолсон байсныг С.Ганбаатар гишүүн мэдсэн биз, миний сандрал, айдсыг засах үг хэлсэн нь сайхан санагдаад л инээлдсэн санагдаж байна. Гэртээ хариад олон нийтийн хөгжилдсөнийг харсан. Сонин л санагдах юм билээ. Би угаас олны анхаарлын төвд байхаас түвэгшээх хандлагатай л даа. Тэгээд ч хэвлэлээр ойр ойрхон гараад байдаггүй. Анх танай сонинд ярилцлага өгөөд сууж байна.
-Бас таныг УИХ-ын царайлаг эмэгтэй гишүүдийн нэг гэж ярьцгааж байна. Сайхан эмэгтэй байна гэдэг хөдөлмөр шүү дээ. Та аль нэг спортоор хичээллэдэг үү?
-Би өөрийгөө бол эршүүд гэж боддог юм (инээв). Айхавтар дэглэм бариад, спортоор хичээллээд, гоо сайхны салонд ойр ойрхон очоод байдаггүй. Харин өдөр бүр 108 сунаж мөргөдөг. Бас сардаа хоёр удаа мацаг барьдаг. Ер нь тэгээд гол нь сэтгэлийн амар амгалан бол эрүүл сайхан харагдахад чухал нөлөөлдөг байх гэж боддог шүү.
-Ингэхэд та бизнесийн салбарт амжилттай ажиллаж байсан атал яагаад улс төрд орохоор болсон юм бэ. Өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч. Таныг багш байсан гэж сонссон юм байна?
-Яах вэ, намайг улстөрчдийн ярьдгаар “битүү морь” уралдаад түрүүлчихлээ гэцгээж байсан л даа. Миний хувьд, онцгойрч ялгарах юмгүй, бусдын л адил намтартай. Багшийн гэр бүлд төрж өссөн, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш болсон. Эрдэмтэй, сайхан түшигтэй хамт олны дунд багшаараа ажиллаж байлаа. Бас багш залуутай ч гэр бүл болж, хүүхдүүдтэй боллоо. Бусдын адил цалин маань амьдралд хүрэлцэхгүй байсан учир нэг маань ажлаа орхих шаардлагатай болсон. Нөхөртэйгөө ярилцаж байгаад би багшийнхаа ажлыг орхиж хувиараа наймаа арилжаа хийж эхэлсэн юм. Анх ТҮЦ-нээс эхэлж, дараа нь сургалт дамжаа, тээвэр ложистикийн бизнес эрхэлж хувийн хэвшилд ажиллаж, хэн бүхний туулдаг дарамт, бэрхшээл, уналт бухимдал, баяр баясал, амжилт бүгдийг л туулсан. Багш мэргэжлийнхээ онцлогоор нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд цаг гаргадаг байсан маань улс төрийн сонголтоо хийхэд бас дэм болсон байх аа.
-Эмэгтэйчүүд ихэнхдээ машин тэрэгнээс хол байдаг. Гэтэл та тээврийн салбарт бизнес эрхэлж амжилтад хүрсэн гэж бодохоор сонирхол татдаг юм. Нөгөө талаас амжилттай яваа, олны танил хүмүүсийг өөнтөглөх, шүүмжлэх хандлага нийгэмд байдаг. Таныг хувийн бизнесээ өргөжүүлэх гэж улс төрд орж ирсэн гэх хардлага гарч байсан шүү дээ?
-Би зах зээлийн шуурган дундуур “Номгон Санчир” авто сургуулиа үүсгэн байгуулаад ёстой л “тэг”-ээс нь эхэлж тордож, хөдөлмөрлөсөөр 20 жилийг үджээ. Энэ хугацаанд 50 мянга орчим жолоочийг бэлтгэж, мянга гаруй залуусыг нэгтгэсэн автотээврийн групп компанийг босгож чадсан. Энэ бол цэвэр миний болоод манай гэр бүлийн, нутгийн залуучуудын маань нэгдмэл сэтгэл, хүч хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Бас бүсгүй хүн амжилтад хүрэхийн тулд яагаад заавал ямар нэг зүйл золиослох ёстой гэж. цөхрөлтгүй хөдөлмөрлөж, түүнийг нь ар гэр нь ойлгож, дэмждэг олон хөдөлмөрч бүсгүйчүүд бий. Би бол тэдний л нэг. Надад сайн хань заяасан. Миний хувьд биеэ засаад, гэрээ засчихсан, одоо төрөө засалцахаар ажиллаж яваа жирийн нэг эмэгтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо илүү их болох ёстой. Тэгж байж улс төр тунгалагшина. Дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн онцлогтой “Зөөлөн хүчний бодлого” гэж бий.
-Таныг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Энэ тухайд тайлбар өгөхгүй юү?
-Албан тушаалаа булаалдсан албан хаагчдын явуулга байсан. УИХ-ын сонгуулиар давс, хачир нэмээд төлбөр авч жүжиг гүтгэлгийн нэвтрүүлэг хийж цацсан хүмүүс хүртэл гарсан. Дараа нь янз бүрийн сайт, пэйжний админууд, зарим сэтгүүлч гэх хүмүүс өнөөх л сонгуулиар хачирлаж давсалсан юмнуудыг дахин давтаад л бичээд байх мөртлөө танил хүмүүсээр уулзъя, хамтран ажиллая гэж хэлүүлэх юм билээ. Юундаа ч хамтрах юм. Мэдэхгүй, ойлгогдохгүй юмс гарах л юм. Сүүлдээ ч залхаад уншиж, сонсохоо ч хаясан. Сонгогчдынхоо итгэл даалгаврыг үүрч, УИХ-ын гишүүний тангараг унших хүртлээ би, төр засгийн байгууллагад, эрх мэдэлд ажиллаж үзээгүй, Хувийн хэвшилд л ажиллаж татвараа төлж ирсэн болохоос төрийн эрх мэдлээр авлига хээл хахууль өгөлцөж, аваагүйг маань холбогдох албадууд нь шалган тогтоосон болоод холбогдолгүй гэдэг мэдэгдэл ирүүлсэн биз.
-Өнгөрсөн хугацаанд тантай холбоотой янз бүрийн л мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ тэр бүр та дуугараад, өөрийгөө өмөөрөөд байдаггүй. Яагаад тэр вэ?
-Цаг хугацаа бүхнийг харуулна гэж боддог. Заримдаа залхах үе бий. Гэхдээ би зөв замаар явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Төрсөн нутгийнхаа ард түмний дэмжлэг, итгэлээр төрд сонгогдсон. Төрдөө тангараг өргөсөн хүн. Улс орны хөгжлийн үндэс нь болох шударга нийгмийг тогтоохын тулд гишүүд бид ажиллах ёстой. Сурталчилгаагаа хийгээд явж байхад, нутгийнхан маань “Манай жаахан охин” хүрээд ирлээ гээд хачин гоё угтан авч билээ. Нутгийн маань буурал ээж нар миний төлөө сүүн цацлаа өргөөд дэмжиж байсан тэр итгэл сэтгэлийг алдахгүй, шударга зарчимтай хичээж ажиллана гэсэн зорилготой байна.
ХАмТыН ТЭТГЭвЭр АвАХ ЭрХ үүССЭН АХмАд жИлдЭЭ НЭГ САЯАС доошгүй орлого Нь НЭмЭГдЭХЭЭр зоХИцУУлАлТ ХИйж өгсөн
-Одоо таны гишүүний ажил руу асуултаа чиглүүлье. Та сүүлд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.занданшатарт өргөн барьсан. Хамтын тэтгэврийн тухай хууль нэлээд өндөр хүлээлттэй байгаа юм билээ?
-Хүлээлттэй байгаа гэдэг нь үнэн. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх юм. Гэхдээ тодорхой шалгууртай. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага бий. Бодит амьдрал дээр нэг насаараа хамт амьдраад нэг нь мөнх бусыг үзэхэд бэлэвсэрсэн нь цаг хугацааны хувьд урт наслахгүй байгаа статистик судалгаа байдаг. Хань ижлээ алдсан өндөр настан өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, өвчлөх зэргээр амьдралын чанар нь унадаг.
Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм. Нөгөө талаас Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өсөх зэрэг олон талын ач холбогдолтой хууль юм. Иргэдийнхээ нийгмийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг шүү дээ. Тэр тусмаа зорилтот бүлгийн иргэдийнхээ нийгмийн баталгааг эн тэргүүнд хангаж ажиллах ёстой.
-Хуулийн хүрээнд ахмадууд жилдээ нэг сая төгрөгөөр орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн үү?
-Юуны түрүүнд энэ хуулийг дэмжээд батлах ёстой. Ингээд хууль хэрэгжиж эхэлбэл олон бодит үр дүн гарна. Хуулийн шаардлагыг хангаж байгаа ахмадууд маань эдийн засгийн хувьд чадамжтай болж үүнийгээ дагаад ахуйн хэрэглээний хязгаарлалтаас гарна. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн ахмад жилдээ нэг саяас доошгүй орлого нь нэмэгдэхээр зохицуулалт хийж өгсөн. Хамтын тэтгэврийн хэмжээг нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 30 хувиас доошгүй байна гэж хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь 350.0 мянгаас 30 хувь гэж бодохоор сард 105.0 мянгаас багагүй, жилдээ 1.260.0 мянгаас багагүй орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь энэ хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа энэ чиглэлээрх бусад улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж үзсэн. Жишээлбэл, Чили улс тэтгэврийг олгохдоо тэтгэвэр авагчид сонголт хийх боломжийг олгосон байна. Швед улс тэтгэвэр авагч нас барахад түүний тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалын үлдэгдлийг өвлүүлэхдээ түүний нас чацуу тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд тарааж хуваарилдаг юм байна. Харин Итали улсад гэхэд гэр бүлийнх нь хүнд (эхнэр, нөхөр) өвлүүлдэг. Гэхдээ өвлөгдөх хэмжээг нь хуулиар тогтоодог. Манай хөрш Орос улсад жишээ нь, тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд хуримтлагдаж байх жишээтэй. Тэгэхээр манай улсын хувьд ч мөн цаашид бусад улс орны нийтлэг жишгээр тэтгэврийг “Өвлүүлэх” тухай асуудлыг анхаарч нэвтрүүлэх чиглэлд ажиллах ёстой гэж бодож байна.Энэ хуулийг энэрэнгүй агуулгатай хүндээ хүрсэн, амьдралд нийцсэн хууль гэж бодож байна.
-УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэх хуулиудаас аль хуулинд ач холбогдол өгч байгаа бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Одоо хөдөлмөрийн тухай хууль, төмөр замын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ер нь ач холбогдолгүй хууль гэж байхгүй л дээ. Гэхдээ бүх хууль дээр ажиллах боломж бага шүү дээ. Хамгийн гол нь хууль хэрэгжихэд үр өгөөжтэй, урт удаан хугацаанд тогтвортой байх нь чухал. Тиймээс ажиллаж байгаа хуулиндаа илүү ач холбогдол өгч сайн хууль гаргахад анхаарах ёстой.
-Коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ч нэлээд хүндэрчихлээ. Эрх баригч намаас эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр баталсан. Энэ ажил үр дүнгээ өгч чадаж байгаа эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?
-Хүндрэлээс гарах оролдлого, зоригтой шийдэл гаргаж байгаа нь сайшаалтай. Хувийн хэвшилд ажиллаж амьдарч ирсэн туршлагаасаа үзэхэд УИХ болон Засгийн газрын гаргасан шийдвэр дунд шатандаа ихэд завхарч анхан, доод шатандаа нугалаа болж замхардаг. Энэ бол бидний сүүлийн гучин жил тэмцэж, засаж чадахгүй байгаа ужиг асуудал. Мөн л намчирхал, авлига, ялгаварлал гарч тооцсон үр дүндээ хүрэхгүй, цаасан тайлан болох вий гэсэн болгоомжлол байна. Цөөнхийн бүлгийн гишүүдийнхээ санал шүүмжийг сонсож, хяналт сонсгол авах эрхийг нь саадгүй бүрдүүлж ажиллавал 10 их наядын хөтөлбөрийн үр дүн, чанар сайжирна. Учир нь үнэ тотворжуулах хөтөлбөрийг өргөн хүрээнд томсгосон байдлаар давтан хэрэгжүүлэхээр боллоо гэж ойлгогдож байна. АН-ын бүлэгт энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага байгаа, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гишүүн маань ч биечлэн удирдсан шүү дээ. 10 их наяд гэдэг чинь улсын маань нэг жилийн төсөвтэй тэнцэх хөтөлбөр болж байна. Эрх баригчид маш няхуур хандаасай. Цар тахлын нөлөөллүүд иргэдийн ахуй, амьдрал, улс орны эдийн засгийн хэмнэлд цохилт өгөөд эхэлсэн. Энэ бол цуврал, давхацсан гээд бидний өмнө үзэж өнгөрүүлж байгаагүй, хүндрэл бэрхшээлүүдийг авчрах нь олон улсын үйл явдлаас харахад ойлгомжтой болчихлоо. Харин зэс, төмрийн хүдэр, коксжсон нүүрсний үнэ өсөх, тогтвортой байх таамаглалуудыг судалгааны эх сурвалжууд гаргаж байгаа нь энэ хөтөлбөрийг үр дүнд хүрчихэсэй гэсэн найдварыг нэмж байна. Үр дүнг нь нэмж сайжруулмаар л байгаа юм.
БИД БҮХ САЛБАРТАА ЗААВАЛ АЛДАЖ БАЙЖ УХААРДАГ БУРУУ ТОГТОЛЦООТОЙ БОЛЧИХОЖ
-Одоо таны сонгогдсон тойрог, орон нутгийн тухай асуумаар байна. Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлууд юу байна вэ. Мэдээж одоо хаа сайгүй л ковидын нөлөөнөөс олон асуудал үүсч байгаа байх?
-Сонгогдсон төдийгүй, миний төрж өссөн нутаг минь юм. Сүүлийн жилүүдэд зуншлага оройтож, зарим жилдээ улаан ган, өвөлдөө харын зуд залган дараалснаас өнгөрсөн хулгана жилийн өвлийг малчид маань их л зутруухан давж байна. Дэлхийг барьц алдуулсан цар тахал улс оронд маань тархаж, хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого тасарч, иргэд маань цалин амьжиргааны орлогогүй хэцүү байгаа үед, УОК-т мартагдсан малчид маань байгалийн гамшигт үзэгдэл, хүндрэл бэрхшээлийг өөрсдөө үүрч, ёстой л монгол хүний уужуу сэтгэлээр л болно бүтнэ гэж явна.
Он гарсаар 500 гаруй мянган толгой мал хорогдож, олон малчин өрхийн өр зээлийн дарамт нэмэгдсэн байна. Аймаг минь нийт малын тоо толгойгоор улсдаа долдугаарт, ямаан сүргийнхээ тоо толгойгоор нэгдүгээрт тоологддог, газар тариалан хөгжүүлэх байгалийн өгөгдөл нөхцөл багатай учир мал аж ахуйдаа голлон тулгуурладаг юм. Ихэнх сумдад 3-5 дахин даац хэтэрснээр бэлчээр сэргэн ургахгүй улаан түйрэнгээр шуурч, хур борооны үүлээ хөөчихдөг, тарга хүчээ аваагүй мал өвлийг давахгүй тоо толгой хорогддог. Ийм л байдал олон жил давтагдлаа.
-Бэлчээрийн даацын асуудал бүх л аймаг, орон нутагт хүндэрч байна. малчид маань аргаа барж байх шиг….
-Эрдэмтэн, судлаачид хэдэн жилийн урьдаас сэрэмжлүүлсэн боловчиг нийгмээрээ, бүх салбартаа бид заавал алдаж байж ухаардаг нэг тийм гаж тогтолцоотой болчихож. Яагаад бэлчээрийн даац хэтэрч байна гэхээр, ноолуураас бусад малын ашиг шимийг, дотоод болон гадаадын зах зээлд борлуулах талаар тогтвортой ажил, далайцтай шийдлийг төр болон хувийн хэвшлийнхэн маань хамтарч олсонгүйгээс, малчид амжиргааны гол орлого болсон ямааныхаа тоо толгойг зохистой тоо хэмжээнээс нь хэтрүүлэн өсгөснөөс болж байна гэдгийг хаа хаанаа ойлгож эхэлсэн. Уул нь манай аймгийн малчид улсын ноолуурын нөөцийн ихэнхийг буюу 430 орчим тонныг бэлтгэн нийлүүлдэг. Цар тахлын нөлөөллөөс өмнө 2019 онд Манай Улс 83,7 сая долларын үнэлгээтэй 38 мянган тонн мах, 45 сая ам.долларын самнасан ноолуур, 507 мянган тонн, 283 сая ам.долларын угаасан ноолуурыг олон улсын зах зээлд борлуулсан байна. Олон улсын зах зээлийн жилийн ноолуурын хэрэгцээ нь 4.3 тэрбум доллар гэдэг ба энэ хэрэгцээний 30 хувийг Монголын малчин өрхүүд хангаж байгаа юм.
-Та гишүүнээр сонгогдоод жил гаруйн хугацаа өнгөрч. Одоо тойрогтоо ямар ажил эхлүүлээд явж байна вэ?
-Малчдын асуудлаас гадна аймгийнхаа эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөц, нийгмийн асуудалд нь анхаарах тун шаардлагатай байна. Мөн олон жил ужгирсан бодлогын алдааны шууд үр дагавар ажилгүйдэл-ядуурлыг бууруулах чиглэлээр дөрвөн жилээс ч урт хугацаанд хийх ажлууд байгааг судалж, шийдлүүд хайж байгаа. Энэ талаар иргэдтэйгээ хамтарч асуудлыг шийдвэрлэх бодолтой байна. Тойргийнхоо тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг судалж энэ чиглэлээр ажил зохион байгуулахаар 2021 оны улсын төсөвт 2.0 тэрбум төгрөгийг тусгуулсан. Энэ хүрээнд хийгдэх ажлууд тодорхой болж аймгаас гурван багц тендер зарлагдаад явж байна. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр 300.0 сая төгрөг, малын паразит болон бусад өвчлөлөөс сэргийлэх угаалга, ариутгалын зориулалттай автомашин, зөөврийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд зориулж 900.0 сая төгрөг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 800.0 сая төгрөг тус тус суулгуулсан. Одоо төсвийн үр өгөөжийг дээшлүүлэх, чанартай тоног төхөөрөмж нийлүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг аймаг орон нутгийн удирдлага, харьяалах нэгж байгууллагууд сайн зохион байгуулах үүрэгтэй. Үүнд татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн болон иргэд, малчдын төлөөллүүд, хөндлөнгийн хяналт тавих оролцоог нь тусгаж өгөх нь төсвийн хөрөнгө оруулалтын өгөөжийг эрс нэмэгдүүлэх арга зам гэж үзэж байгаа.
АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД БИД ҮНЭХЭЭР ХҮЧ МӨХӨСДӨЖ БАЙГААДАА УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төр нэлээд бужигнаж байна. үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр та Цэцийн дарга асан Д.Одбаярын хэргийг чуулганы танхимд эргэн сануулсан байх аа?
-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Товчхондоо бол Цэц бол хууль тогтоогчоос гаргасан хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг эрх зүйн инстутиц юм. Гэтэл Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага болсон нь үүгээр илэрч байна. Ардын намын олонхын аархал түрэмгийлэлд цөөнх, АН-ын бүлгийн гишүүд бид үнэхээр хүч мөхөсдөж байгаадаа нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Хувь хүний сонгох, сонгогдох эрхийг хуульчлан хасдаг байсан нэг намын дарангуйллын үеэ санагалзсан Ардын нам энэ санаархлаа биелүүллээ. Бид цөөдөж байгаа ч Монголын иргэд цөөдөхгүй гэдгийг сануулмаар байна. Ардын намын бүлгийн олонхоор аархсан явцуу улс төрийн түрэмгийлэл нь УИХ-аас хальж, ялах магадлалтай өрсөлдөгчөө Үндсэн хуулийн Цэцээр намнууллаа. Энэхүү Цэцийн хурлыг Д.Одбаяр даргалсан. Энэ этгээд нь Монгол Төрийн нэр хүндийг олон улсад шившиглэснийг мартаагүй. Ийм ёс зүйгүй хүн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ахлаад сууж байгаа нь өөрөө хүлцэшгүй асуудал, ёс зүйн эмгэнэл мөн. АН-ын бүлгийн гишүүд бид өмнө нь энэ хүнийг эргүүлэн татах үндэслэлийг өргөн бариад цаг товлосон. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнд хариу өгөөгүй байгаа нь энэ их хуралд ямар ёс зүйтэй олонх байгаа вэ гэдгийг иргэдэд төдийгүй олон улсад нотолсоор байна.
-Ардчилсан намын даргын асуудал хэрхэх бол. Саяхан АН-ын даргын сонгууль боллоо. Гэхдээ хоёр талд сонгууль хийж, хоёр даргатай мэт тодорхойгүй байдал бий болоод байна. Танай намд үүсээд байгаа асуудлуудад ямар байр суурьтай байна вэ?
-Нам бол өөрөө юуны түрүүнд олон нийтийн байгууллага шүү дээ. Үзэл санаа, итгэл зорилгоо нэгтгэж нийгмийн болон хөгжлийн асуудлуудаа бодлогоор шийдэхдээ рациональ легитим засаглалыг хэрэгжүүлж чадвал нийгэмдээ байр сууриа эзэлж, сонгогчдынхоо итгэл найдвараар засгийн эрхийг авч, үүрэг хариуцлагаа үүрэх үүрэг хүлээдэг олон нийтийн л байгууллага. Ардчиллыг эрхэм зорилго болгосон таван нам, тус тусын амбицаа гэтлэн нэгдэж, өнөөдрийн Ардчилсан намыг үүсгэсэн нь 21 жилийн өмнөх үйл явдал. Эхнийх бол алдаа, хоёрдохоо давтвал тэнэглэл гэдэг гашуун үг бий. Намын маань хувьд дэндүү харамсалтай үйл явдал өрнөсөн. 17 жилийн өмнө мөн л намын тамга булаалдаж, хоёр ч дарга даган хуваагдсаны уршгаар, сонгогчдынхоо өгсөн итгэл найдварыг эрх зүйн чадамжгүй болгохгүйн тулд МАХН-ы бүдүүн бүлэгт хүртэл орж явсан гашуун сургамжаас дүгнэлт хийсэнгүй. Энэ алдааг мөн л дахин давтлаа. Түүнчлэн тодорхой ашиг сонирхлын зүгээс давтууллаа гэж цохож хэлье. Алдаандаа дүгнэлт хийдэггүй, алдаанаасаа суралцдаггүй, өөрийн шүүмж гэдэг эрүүл эргэцүүлэл, хариуцлагаа үүрэх зориггүй болохоор олон түмний итгэл найдвар дэмжлэгийг авах ямар ч боломжгүй болдог. Энэ бүгдийг үйл ажиллагаандаа мөрдөхийн тулд нам дүрэмтэй, дүрмээ дарга гишүүд нэг мөр дагаж мөрдөх учиртай. АН-ын дүрмийн 3.10.2.1-д зааснаар сонгуульд ялагдсан бүх шатны дарга нар 15-30 хоногийн дотор огцорч хариуцлагаа хүлээж, намын нэрийн өмнөөс аливаа шийдвэр, үйл ажиллагаа явуулах, мэдэгдэл хийх, эрх зүйн маргаанд намыг төлөөлөх, ямар нэг хурал, сонгууль зохион байгуулах эрхгүй болдог.
АН-ын нэгдмэл байдлыг хагаралдсан мэт нийгэмд харагдуулах үүрэгтэй жүжигчид нь эрх баригчдаас аарсан шагналаа ч авах байх, түүх, цаг хугацаа ч зохих дүгнэлтийг нь шударгаар өгөх нь ойлгомжтой шүү дээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан намын олонх гишүүд нь дүрмээрээ сонгосон эрх зүйн чадамжтай даргыг Улсын дээд шүүх бүртгэх нь чухал байна.
Ямартаа ч эрх баригч Ардын нам нь Ардчилсан намыг хагаралдуулсан харагдуулах, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах үүрэгтэй тоглоомын оролцогчдоо Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулан ялсан болох нь Монгол төрийн түүхийн шоглоом, нийгмийн шившиг болно гэдгийг ядаж ойлгох хэмжээний улс төрийн соёлтой гэж найдаж байна.