Судалгаагаар залуусын 75 хувь нь санхүүгийн мэдлэг дутмаг, мөнгөө зөв зарцуулж чаддаггүй гэнэ. Мөнгийг хэмнэлттэй зарцуулж сурах нь залуу насандаа заавал сурах ёстой мэдлэгүүдийн нэг билээ. Уншигч танд хүмүүсийн мөнгө санхүүгээ барихдаа түгээмэл гаргадаг 10 алдааг сонирхуулъя.
1. Санхүүгийн хувьд өөрөөсөө илүү нэгнийг дагаж дуурайх
Өөрөөсөө илүү хөрөнгө чинээтэй нэгэнтэй хамт явах үедээ тэднийг даган дуурайж, үнэтэй машин, захиалгын хувцас хийлгэж, дэлхийгээр аялах нь тийм ч зөв зүйл биш гэдгийг санаж байх нь чухал. Ингэхдээ та өөрийнхөө санхүүгийн боломжинд тулгуурлаж, өөрийгөө ирээдүйд асуудалд оруулахгүй байх зохицуулалт хийж хэвших хэрэгтэй. Хүмүүсийн хувьд хөрөнгө чинээлэг байдал харилцан адилгүй хугацаанд бий болдог тул мөнгийг зохистой хэрэглэж хэвшээрэй.
2. Цалингаа зохистой хэрэглээнд зарцуулахгүй байх
Бага наснаасаа санхүүгийн мэдлэг олж, зөв зохистой зарцуулж хэвших хэрэгтэй. Тухайлбал, 50/30/20-ийн дүрмийг хэрэглэж санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх боломжтой. Энэ арга нь нийт орлогын 50 хувийг хоол хүнс, түрээс, зам тэврийн үйлчилгээ гэх мэт зүйлст зарцуулж, 20 хувийг нь хадгаламжинд хийх, өрөө дарахад хэрэглээд үлдсэн 30 хувийг хувьдаа зарцуулах хэрэглээний энгийн хуваарилалтын зарчим юм.
3. Байнга хоол захиалж идэх
Гэрээсээ хол байх шаардлагатай болох үед хүмүүс захиалгын хүнс хэрэглэж эхлэх явдал нэмэгддэг. Энэ нь хоол хүнсэнд хэт их зарлага гарах үндэс болдог бөгөөд үүний оронд хоол хийхэд хэрэгтэй хүнсээ цуглуулаад өөрөө хоолоо хийх нь санхүүгийн хувьд илүү хямд байдаг. Хэрвээ хоол хийж чаддаггүй бол энэ завшааныг ашиглаад сурах сайхан боломж биш гэж үү?
4. Зээлийн карт хэтэрхий эрт хэрэглэж эхлэх
Орлого, зарлагаа хянаж, санхүүгийн мэдлэгтэй болсон цагтаа зээлийн карт хэрэглэж эхлэх нь зүйтэй. Учир нь зээлийн карт нь хүнийг өөрт зайлшгүй хэрэгцээгүй зүйлсийг худалдан авах сэдлийг төрүүлж эхэлдэг тул тогтвортой, сайн цалинтай ажилтай болох хүртлээ зээлийн картнаас татгалзаарай.
5. Тэтгэвэрт гарсныхаа дараа яах талаар төлөвлөхгүй байх
Ид залуу насандаа тэтгэвэрт гарах талаар бодох нь утгагүй мэт санагдаж болох ч аль болох эрт тэтгэвэрт гарах үедээ хэрэглэх хадгаламжийн хуримтлал үүсгэх нь таны хувьд хамгийн зөв алхам байх болно. Энэ нь таныг тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн бүрэн боломжтой байх нөхцлийг бүрдүүлнэ.
6. Даатгалыг үл тоох
Ид насандаа та өөрийгөө супермен мэт юунд ч үл зогсошгүйгээр санаж болох ч өөрийгөө өвчин эмгэг тусаж, гэмтэж бэртэж, бусад асуудалд орохгүй гэж итгэж болохгүй нь мэдээж. Иймээс таныг даатгалд даатгуулахыг зөвлөх байна. Тухайлбал, түрээслэгчийн даатгал таныг xулгай дээpэм, гал түймэрт өртсөн тохиолдолд алдагдлыг тань хөнгөлөх бол эрүүл мэндийн даатгал танд ямар нэгэн зүйл тохиолдсон үед маш их хэмжээний мөнгийг хэмнэх гол үндэс болох нь бий.
7. Эрсдэл хүлээхийг хүсэхгүй байх
Та магадгүй дуудлагын жолооч эсвэл худалдагчийн ажлыг дургүйхэн хийж байгаа ч ажлаасаа гарна гэхээр тогтвортой орлогогүй болно гэж эмээж байна уу? Хэрэв та яг одоо өөрийн хүсээгүй ажлыг хийж байгаа бол тодорхой хэмжээний эрсдэл гаргаж, мөрөөдлийнхөө ажлын төлөө дадлагажигчаас ч хамаагүй эхлүүлээд үзэх хэрэгтэй. Хэдийгээр дадлага хийхэд цалингүй эсвэл маш бага хэмжээний цалин өгч байж болох ч ирээдүйд өөрийн хүссэн ажлыг өөрийн болгох анхны алхам тань байх болно гэдэгт итгээрэй. Мэдээж 20-иод нас бол хүний суралцаж, боловсрох хамгийн тохиромжтой үе билээ. Иймээс хожим хэтэрхий оройтсон хойно хүсэл мөрөөдлийнхөө төлөө явахаас илүүтэйгээр яг одоо өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж эхлэх нь чухал.
8. Сэтгэлээ тайтгаруулахын тулд мөнгө зарцуулах
Зүгээр л гунигтай байгаа болохоор өөрт чухал шаардлагагүй зүйлсийг худалдаж авах явдал их гардаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр худалдан авалтууд нь бидний гунигийг түрхэн зуур үгүй хийх ч сэтгэлийн шaрхыг нөхөж чадахгүй нь мэдээж. Иймээс хөдөлмөрлөж олсон мөнгөө дэмий зүйлд үрэлгүй, өөрөө өөртөө цаг зарцуулж сэтгэлээ сэргээж хэвшээрэй.
9. Эрт тусдаа гарах
18 эсвэл 21 нас хүрч, тусдаа гарч, биеэ даах цаг нь болсон мэт санагдаж байна уу? Мэдээж өөрөө өөрийгөө амьдралд бэлдэж, өөрийгөө авч явж сурах нь ухаалаг үйлдэл хэдий ч тусдаа гарна гэдэг нь орлого зарлагаа хариуцаж, өөрөө өөртөө үйлчилж сурахын нэр тул тогтвортой орлоготой, ажилтай болсон цагтаа энэ тухай бодож үзэхийг зөвлөж байна.
10. 20 насандаа бүхнийг өөрийн болгосон байх ёстой мэт сэтгэх
Маш олон залуус их сургууль, ажил, түрээсийн төлбөр гэх мэт олон зүйлд санаагаа чилээж, стресстэж явдаг билээ. Түүнчлэн анхны ажил тань л өндөр цалинтай, сэтгэл ханамжтай байх талаар хүсч явдаг нь ихэнх тохиолдолд биелдэггүй тул сэтгэлээр унах явдал их байдаг. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл, хэдийд ч ажил, гэрээ сольж болно гэдгийг үргэлж санахын зэрэгцээ одоо тулгарч байгаа асуудлууд тань ирээдүйд танд туршлага болж үлдэнэ гэдгийг ухаарах нь чухал.