Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон долоон хүний дөрвийнх нь цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Усанд осолдсон тухай дуудлагаар /2021.04.21-ний өдрийн 20:23 цагт/ Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг 8 бүлэгт хуваагдан зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан байна. Сэлэнгэ голын өргөн 133 метр, 2-3.5 гүн, булингар ихтэй байна. Эрлийн бүлэг голд осолдсон найм, 32 настай хоёр эмэгтэй, 50 настай нэг эрэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эргэн сануулахад, тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед ган татлага нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү /38 настай, эрэгтэй/, Б/16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна.
- Иргэн Т /Тосонцэнгэл сумын харьяат, 62 настай, эрэгтэй/,
- Т /Тосонцэнгэл сумын харьяат, 50 настай, эрэгтэй/,
- Г /Шинэ-Идэр сумын харьяат, 50 настай, эрэгтэй/,
- У/Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 38 настай, эмэгтэй/,
- У /Рашаант сумын харьяат, 32 настай, эмэгтэй/,
- Б /Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 8 настай, эмэгтэй/,
- А /Рашаант сумын харьяат, 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон.