Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумандхалдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тухай өчигдөр /2021.04.24/ тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн Шуурхай штабаас тодруулахад “Аймгийн хэмжээнд сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу одоогоор эцэслэн гараагүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа” гэсэн юм.
Өчигдөр аймгийн хэмжээнд 11 мянга гаруй иргэнийг түргэвчилсэн шинжилгээ, 1200 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулсан талаар Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа мэдээлсэн юм. Мөн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоож, Есөнбулаг, Баян-Уул суманд тэг зогсолт хийгээд буй.