УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн Ардчилсан намыг АНУ-ын DCI Group нэртэй лобби компанитай Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан хэмээн мэдэгдсэн. Мөн уг гэрээнд АН-ын дарга Ц.Туваан гарын үсэг зурсан байгааг дурдсан юм.
Харин үүнд УИХ-ын гишүүн Ц.Туваан “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх” гэдэг хариулт өгсөн.
Ц.Мөнх-Оргил гишүүний дурдсан мэдээллийн тухайд foreignlobby.com сайтад нийтлэгдсэн байна. Энд нийтлэгдсэн мэдээлэлд “Монголын Ардчилсан Нам АНУ-ын лобби фирмтэй гэрээ байгуулсан. Зургаадугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтан ерөнхийлөгч Х.Баттулгын намыг “Монголын ардчиллын манлайлагч” хэмээн сурталчлуулахаар Вашингтонд төвтэй DCI Group лобби фирмийг Монголын Ардчилсан Нам хөлсөлжээ. Дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн хоёр сарын хугацаанд үйлчлэх гэрээ 50 мянган ам.долларын дүнтэй юм байна. Гэрээг DCI Group-ийн гүйцэтгэх захирал Дуглас Гүүдеар, Ардчилсан Намын дэд дарга Ц.Туваан нар баталж, гарын үсэг зуржээ” гэсэн байна.
Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “2008 оны сонгуулийн дараа Монголын улс төрийн томоохон намуудын хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явж ирсэн. Тэр нь юу гэхээр, сонгуулийн үеэр гадна, дотны дэмжлэг туслалцаа, хөрөнгө мөнгө авахгүй байя гэдэг тохиролцоо юм. Гэтэл энэ тохиролцоог АН зөрчиж, гадны компанитай гэрээ байгуулсан байна” гэв.