АНУ-ын Сенатын танхим пүрэв гаригт Ази гаралтай иргэдийг чиглэсэн ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтын гэмт хэргийн эсрэг хуулийг баталлаа.
Санал хураалтад 95 гишүүн оролцож, “94:1” харьцаагаар дэмжих санал өргөснөөр хуулийн төслийг баталсан байна. Зөвхөн Миссури мужийн Сенатор Жош Хоули уг хуулийн төслийн эсрэг санал өгчээ.
АНУ төдийгүй дэлхийн хэмжээнд цар тахлын эхэн үеэс эхлэн ази гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах, тэдэнд халдах явдал түгээмэл гарах болсон. Идэвхтнүүд болон цагдаа нарын мэдээлснээр Цагаан ордны өмнөх тэргүүн Доналд Трамп цар тахалд БНХАУ-ыг буруутгахдаа “Хятад ханиад”, “Kung-Flu” гэх зэрэг нэр томьёо ашиглах болсон нь Ази гаралтай иргэдийн эсрэг ийм хандлага гарах шалтгаан болжээ.
Хамгийн сүүлд АНУ-д ази-америк гаралтай хэд хэдэн өндөр настан олон нийтийн газраар зорчиж явахдаа бусдын халдлагад өртсөн. Мөн Атланта хотод ази гаралтай иргэдийн ажиллуулдаг массажны газарт зэвсэгт халдлага болж найман хүн нас барсны дотор, зургаан ази эмэгтэй байсан юм. Түүнчлэн цагдаа, хуулийн байгууллага дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага болон бусад шалтгааны улмаас АНУ дахь ази гаралтай иргэд үзэн ядалтын гэмт хэргийн хохирогч болсон талаараа мэдээлэхгүй байх, мэдээлсэн ч хуулийн байгууллага асуудалд хойрго хандах зэрэг үзэгдлүүд нийгэмд ил болсон.
Харин пүрэв гаригт батлагдсан дээрх хууль нь үзэн ядалт, ялгаварлан гадуурхах гэмт хэргийн золиос болсон иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн байгууллага хүлээн авч, шалгаж шийдвэрлэх процессыг хялбарчлах, цар тахал болон аливаа хямралын үед нийгмийн тодорхой хэсгийг чиглэсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл агуулсан үг хэллэг ашиглах зэрэг асуудлыг зохицуулахад чиглэх юм.