Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахын өмнө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргав.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага өгөв.
Үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж ярьдаг ч үнэндээ шударга ёс энэ танхимд устаж үгүй болдог жишгийг та бүхэн тогтоох гэж байна.
Хуулийг завхруулж, өөрийн намын, хэсэг бүлгийн, хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг хүртэл татан оруулж байгаа нь энд хэлэлцэгдэж байгаа асуудлаар илэрч байна. Энэ мэт хууль бус үйлдэлдээ Монгол төрийн нэрийг олон улсад шившиглэсэн Д.Одбаяр гэгчээр дамжуулж гүйцэтгэж байгааг ард түмэн харж байгаа. 2019 онд БНСУ-д зорчиж байхдаа эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, гэм буруугаа хүлээж, торгууль төлөөд ирсэн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу гэж асуумаар байна.
АН-ын бүлгээс Д.Одбаярыг эгүүлэн татах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Гэвч хариу өгөөгүй” гэв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Цэц хууль бусаар хуралдлаа гэж байна. Өмнө нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Бага суудлын хуралдаан болж, шийдвэр нь албажаагүй явдал болсон. Сүүлд нь ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулган эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор өмнөх хуралдаан хууль бус гэдэг шийдвэр гарсан.
Ингээд дунд суудлын хуралдаан болсон. Энэ дээр УИХ оролцоод ч юм уу цэц хууль зөрчсөн зүйл байхгүй гэж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна. Н.Ганибал гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах гэж байна гэж байна. Тэгвэл сонгууль будлиантуулах гэж байгаа ажлыг Ардчилсан нам хийж байна. Үүнийг Ц.Туваан гишүүнээс асуумаар байна.
Лобби компаниудыг бүртгэдэг АНУ-ын бүртгэлийн сан байдаг. Энэ дээр АНУ-ын лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадна дотны хувь хүн болон компанитай гэрээ байгуулах болгондоо энэ санд бүртгүүлдэг. Энэ бүртгэл дээр Ц.Тувааны гарын үсэгтэйгээр АНУ-ын DCI гэдэг лобби групп АН-тай дөрөвдүгээр сарын 12-нөөс зургаадугаар сарын 12-ны хооронд 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ” гэв.