Коронавирусийн өвчний голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч Ц.Чинбаяр өвчний улмаас хүндэрч буй өвчтөний шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Архаг хууч өвчингүй ч харьцангуй залуу хүмүүс хүндээр өвдөх тохиолдол байна. Халдварын тархалт нэмэгдсэнээр хүнд өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нэн хүндээр өвдсөн хүмүүс эрчимт эмчилгээнд удаан хэвтэж байгаа тул эмч, ажилчдын ачаалал нэмэгдэж байна. Ихэвчлэн хавсарсан 2-3 суурь өвчтэй хүмүүс эмнэлзүйн хувьд хүндэрч байна.
Амьсгалын дээд замын өвчний шинж тэмдэг болох хоолой өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах шинж тэмдэг гармагц иргэд заавал PCR шинжилгээ өгөх гээд яараад, эсвэл гадуур яваад бухимдаад байх шиг байна. Ийм цар тахлын үед халдвартай эсэхийг заавал шинжилгээгээр баталгаажуулах шаардлагагүй. Танд коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн бол нийтийн дунд явахаас зайлсхийж, гэртээ өөрийгөө тусгаарлаад утсаар болон гэр бүлийн гишүүдээрээ дамжиж эрүүл мэндийн байгууллагатай холбогдон тусламж авах хэрэгтэй” гэв.