Categories
гадаад мэдээ

ХДХВ-ийн эсрэг вакцин гаргаж авахад “мРнх” технологийг ашиглана

Коронавируст цар тахлын улмаас дэлхий даяар өвчлөл, нас баралт ихэсч, нийгэм, боловсрол, эдийн засгийн томоохон хямрал нүүрлээд буй. Эрдэмтэд аюулт халдвараас сэргийлэх зорилгоор ковидын эсрэг олон төрлийн вакциныг үйлдвэрлэсээр байна. Тэдгээрийн нэг нь Pfizer/BioN­Tech вакцин. Энэ нь ДЭМБ-аас яаралтай баталгаажуулалт авсан анхны вакцин болсон билээ.

Ковидын эсрэг вакциныг бүтээхэд ашигласан “мРНХ” технологийг судлаачид 25 жил судалж байгаа ч дорвитой үр дүнд хүрээгүй байсан. Гэвч цар тахлаас үүдэн судалгааг эрчимжүүлж өргөн хүрээний клиник туршилт хийсэн агаад өндөр дүнтэй болох нь батлагдсан. Тиймээс “мРнх” технологийг цаашид ХДХВ болон хорт хавдрыг эмчлэхэд ашиглах боломжтойг эрдэмтэд онцолж байна. Тухайлбал, Техасын их сургуулийн хорт хавдар судлалын төв “мРНХ” технологиор хорт хавдрын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж буй юм. Харин Калифорнийн их сургуулийн судлаачдын баг Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн эсрэг вакциныг гаргаж авахад энэхүү аргыг ашиглаж байна.

Модерна компани энэ онд гурван вакцин бүтээхээ зарласан удаатай. Тэдгээр нь ХДХВ, Нипих вирус, улирлын томууны эсрэг вакцинууд юм. Тус байгууллагын бүтээсэн коронавируст халдварын эсрэг вакцин нь түүхэндээ хамгийн хурдан хугацаанд өндөр үр дүнтэй бүтээгдсэн вакцинуудын нэг юм. “мРНХ” технологиор бүтсэн вакцин бусад энгийн, уламжлалт вакцинуудаас өөр замаар үйлчилдэг гэдгээрээ онцлог юм. Учир нь уламжлалт вакцинууд идэвхгүй болгосон вирусийг хүний биед тарьдаг бол шинэ технологи нь вирусийн мРНХ буюу генийн мэдээллийг ашиглан биед вирусийнхтэй адил протейн үүсгэж, дархлааны тогтолцоонд таниулдаг аж. Уг технологи нь хүний өөрийн ДНХ-д нөлөөлдөггүй аж. Нөгөө талаас хүний дархлааг сэргээж сайжруулдаг давуу талтай юм байна. Moderna компанийн бүтээхээр зорьж буй гурав дахь вакцин нь томуугийн эсрэг вакцин. Энэ нь улирлын чанартай ханиаднаас гадна SARS-CoV2 вирусээс давхар сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Модерна компани ХДХВ-ийн эсрэг вакциныг бүтээхдээ Билл Гейтсийн сантай хамтарч байна. Тэд энэ онд багтаж хүн дээр хийх анхны туршилтаа эхлүүлэхээр зорьж байна. Шинэ мРНХ технологи нь жинхэнэ вирусийг ашиглах шаардлагагүй аж. Өнөөдрийн байдлаар 161 улсад дархлаажуулалт идэвхтэй явагдаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ. Эрдэмтэд коронавирусийн мутацид орсон хувилбарууд вакцинд тэсвэртэй эсэх судалгааг үргэлжлүүлж байна. Тодруулбал, Өмнөд Африкт илэрсэн мутацид орсон хувилбар нь “Pfizer” вакцинд тэсвэртэй болох нь тогтоогджээ.

Хятадад мөн “Pfizer-BioN­Tech”, “Moderna” вакцинуудтай адил “мРНХ” (рибонуклейн хүчил) шинэ технологи дээр суурилсан коронавирусийн вакцин гарган авснаа өчигдөр зарлажээ. “ARCoV” гэх нэртэй уг вакциныг “Abo­gen Biosciences”, “Walvax Biotechnology” компаниуд Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академитай хамтарч бүтээсэн юм байна. “China south morning post” сонины онцолсноор вакцины эмнэл зүйн туршилтын гурав дахь үе шат тавдугаар сард эхлэх юм. Мөн туршилт амжилттай болбол вакциныг гуравдугаар улиралд их хэмжээгээр үйлдвэрлэх гэнэ. Юньнань мужид байрлах “Walvax Bio­technology” компани вакциныг үйлдвэрлэх үйлдвэрийг барих юм байна. Эхний ээлжинд 120 сая тун үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Эрдэмтдийн онцолсноор дээрх вакцин нь “Pfizer-BioNTech” ба “Moderna”-гийн вакцинуудаас ялгаатай нь тасалгааны температурт долоо хоног хүртэл хадгалахад чанараа алдахгүй гэсэн байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *