Categories
мэдээ улс-төр

Буянтай хэдэн хоригдлынхоо ачаар бурзайж байна даа, ард түмэн минь

“Цар тахлын амаргүй хүнд нөхцөлд Монголын төр ард түмнээ харж хандаж байна” гээд эрх баригч Ардын намын удирдлагууд, Засгийн газраас хоёр ч удаа жигтэйхэн сүржин мэдэгдэл хийсэн. Эхнийх нь намын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон. Бүх айлуудын цахилгааныг тэглэсэн” гэдгээ зарлаж цахим ертөнцөөр л дүүрэн “засаг төрдөө баярлалаа” гэсэн давлагаа явсан. Бараг л амтай болгон Хүрэлсүхийг магтсан байх.

Тэгвэл саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой компаниас Монгол Улсад татвараар орж ирэх ёстой байсан санхүүжилтүүд орж ирсэн. Гурван удаагийн санхүүжилтээр нийтдээ 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн. Тиймээс иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ” гэж мэдэгдсэн. Оюу толгойгоос орж ирсэн мөнгийг 3.3 сая хүн амдаа хуваахаар нэг хүнд 300 мянган төгрөг оногдож байгаа. Ингэж Монголын ард түмэн Оюу толгойн буянаар хүн бүр дансандаа 300 мянган төгрөгтэй, гурваас дээш ам бүлтэй айл өрхүүд саятан болж сүрхий бурзайлаа.

Ард түмэн энэ мөнгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Б.Жавхлан гээд Сангийн сайд өгчихсөн мэтээр ойлгоод байх шиг. Мөн зарим нэг нь Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “У.Хүрэлсүхийн үед шийдэгдсэн Оюу толгойн гэрээтэй холбоотой арбитрын маргааны улмаас мөнгөтэй боллоо” гэж өнгөцхөн хараад байна. Засгийн газар, Ардын нам, Их хурал нь ч “Ард түмэндээ энэ мөнгийг бид өгчихлөө, бидэнд баярлах хэрэгтэй” гэж шууд ойлгуулж, нэг л их ард түмэндээ хайр халамж өгчихсөн ардын баатрууд болоод байгаа нь учир дутагдалтай юм. Айл өрх бүрийн цахилгааныг тэглэсэн асуудал, иргэн бүрт 300 мянган төгрөг өгч баярлуулсан явдал намын дарга У.Хүрэлсүхэд, түүний үед байсан Засгийн газрын нөхдөд, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Сангийн сайд Б.Жавхлан болоод Засгийн газрын гишүүдэд, Г.Занданшатар тэргүүтэй Их хурлын нөхдөд ямар ч падлий байхгүй. 123800 аж ахуйн нэгж, 900 гаруй айл өрхийн цахилгааны төлбөрийг бүрэн тэглэсэн 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр хариуцах болсон.

Энэ бол төрийн буян биш. Харин Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Монголын эзэмшилд авчирсан хэдхэн улстөрчдийн буян юм.

Бүр тодруулбал, Оросын “Роснефть”-д байсан Монголын өмчийг худалдаж авах улс төрийн зоригтой шийдвэр гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарын гавьяа юм, нуулгүй үнэнийг хэлэхэд. Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр ус цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гарахад тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Бид 2021 оны төсөв төлөвлөгөөгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Бид төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Олон улсын арбитрын шүүхээс хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг авсан, нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан.

Энэ шийдвэр нь “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” зарчмаар гаргалаа. 2019 онд улсад 933 тэрбум төгрөгийн татвар төлсөн, 2020 онд 1 их наяд давсан татвар төлсөн” гэж мэдэгдсэн. Энэ бол Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын эзэмшилд ирсний гавьяа шүү гэдгээ ил цагаан хэлсэн явдал. Тус үйлдвэр 42 жилийн түүхэнд анх удаа 1 их наяд төгрөгийн татвар төлнө гэдэг бол улс орны хөгжилд ямар том түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой. Ард түмний цахилгааныг тэглэсэн 650 тэрбум төгрөг уг үйлдвэрийн ердөө 1.5 жил ажиллах ашгийн мөнгө нь юм гэсэн.

Ийм л боломжийг олгосон улстөрчдийнхөө гавьяаг үнэлэх байтал эсрэгээр нь бид шоронгийн хаалга татуулж, хар торны цаана хорьсон. Эрдэнэтийг Монголын мэдэлд авчирсныхаа хүчинд нэр бүхий эрхмүүд ямар үйл там эдэлснийг бид мэдэж байгаа. Үйл явцыг эргэн сануулъя. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн байгуулсан Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монгол Зэс корпораци”-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарт ял оноосон. Тодруулбал, Д.Эрдэнэбатыг эрх мэдлээ урвуулан Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн танилцуулгыг Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлж бусдад давуу байдал олгосон гэж үзэн 4 жил 6 сарын хорих ял, мөн Б.Болорт 3 жил 6 сарын хорих ял оноосон. Уг хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хил давж зугтсан учир хэргийг нь тусгаарлалаа, мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хамтран оролцсон гэж шалгаж буйгаа шүүхээс албан ёсоор мэдэгдсэн.

Эрдэнэтийн асуудал товчхондоо ийм. Тэгвэл иргэн бүр 300 мянган төгрөг авч буяныг нь эдэлж байгаа Оюу толгойн асуудал хэн хэнтэй холбогддог вэ гэхээр өнөө л шоронд тарчилж суугаа улстөрчидтэй холбогддог. Олон жилийн туршид сайн муугаар яригдсан Оюу толгойн гэрээг Санжийн Баяр Ерөнхий сайд байхдаа хийсэн. С.Баяраас өөр хүн ингэж зориглож хийж чадахгүйг учир мэдэх улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд шулуухан хэлдэг. Оюу толгойн гэрээг зориг гарган хийж Монголын эдийн засгийг түүхэнд байгаагүйгээр 17 хувийн өсөлттэй болгож өгснийхөө төлөөсөнд өвгөн С.Баяр өнөөдөр шоронд сууж байна. Түүнд анхан шатны шүүхээс 5 жилийн ял оноож 5.5 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгох шийдвэр гарч байсан. Оюу толгойн гэрээний дараагийн түүхэн шийдвэр нь Дубайн гэрээ байсан. Тэрхүү гэрээг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний амь амьдралыг бодож эр зориг гаргаж хийсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өнөөдөр интерполоор сурвалжлан улс төрийн хоригдол гэдгийг нь зарлаж, Монголдоо ирэх л юм бол шууд өчиггүйгээр хорихоор хууль шүүхийнхэн анаж байгаа. Оюу толгойн гэрээг үзэглэж явуулсныхаа төлөө Сангийн сайд асан С.Баярцогт шүүхээс 10 жилийн ял сонсож, Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой”-н захирал асан Да.Ганболд нар тус бүр дөрвөн жилийн хорих ял сонссон. Давж заалдах шатны шүүхээс ялынх нь хэмжээг бага зэрэг бууруулсан ч тэд одоо торны цаана тарчилж сууна.

Түүхэн гавьяа байгуулсан хүмүүсээ шоронд хорьсон улстөрчид нь өнөөдөр попорч, тэдний гавьяаг өөрсдийнх болгон ярьж ард түмэндээ хайр зарлан жүжиглэж байгаа нь зэвүүцмээр. Оюу толгойг эсэргүүцэж байсан хүмүүс “Миний гавьяа шүү” гэж улайх ч үгүй хэлж олныг төөрөгдүүлж байна. 300 мянгын сургаар бараг л босоо Ганбаа өөр хэн хэн гэнэв тэдгээр нөхдийг мөнгө өгчихөж байгаа мэтээр ард түмэн хөөрцөглөсөн нь гунигтай ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Шадар сайд С.Амарсайханы тэргүүлж буй Улсын онцгой комиссын үнэн нүүр царайг ард түмэн өнөөдөр харж байна. Монгол Улс вакцинжуулалтаараа Азидаа тэргүүлж байна гээд шоудаад байсан. Яг хоёрдугаар тунг хийх болтол “Дархлаажуулалтыг түр хугацаанд зогсоолоо” гэж мэдэгдсэн. Өдөрт бараг 1000 орчим хүн ковидоор өвчилж, нас баралтын тоо нэмэгдэж буй энэ үед дархлаажуулалтыг зогсоолоо гэж хэлж байгаа нь ард түмнээ үх гэж байгаатай ялгаагүй сонсогдсон. Бид ийм л хуурамч худлаа, хударгагүй үхээнц төр засагтай байна. Эцэст нь хэлэхэд, Эрдэнэтийг 100 хувь Монголын мэдэлд авчирсан, Оюу толгойн гэрээг зурж түүнийхээ төлөөсөнд шоронгийн хаалга татсан буянтай хэдэн хоригдлынхоо ачаар л бурзайж байна шүү, ард түмэн минь. Энэ хэдэн улстөрчдийн гавьяа зүтгэлийг бодон сэтгэл дотроо ч болтугай баярлалаа гэдгээ хэлэх хэрэгтэй. Түүнээс ард түмэн бидэнд өгч байгаа энэ хайр халамж, эдийн засгийн дэмжлэг өнөөгийн засаг төрийнх биш. “Эрдэнэт Монголд ирээгүй, Оюу толгойн гэрээ зурагдаагүй, далд уурхайн бүтээн байгуулалт хөдлөөгүй бол юун ард түмэндээ мөнгө өгч, цахилгаан дулааныг нь тэглэх. Цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй энэ төр засаг ёстой хамраараа газар шаах байсан” гэж Үүл баатрын хэлээд байгаа гарцаагүй үнэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр