Categories
мэдээ цаг-үе

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам аравдугаар сард ашиглалтад орно

Ерөө, Хүдэрийг холбосон замын ажлыг концессын гэрээгээр хийнэ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайдад хандан “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулах хугацааны талаар” асуулга хүргүүлжээ.

Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн байна.

Тус асуулгын хариуд “Завхан аймгийн төвийг 2021 онд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор зорилт тавин ажиллаж байна. Тус аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК шалгарч 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай 20.9 сая ам долларын төсөвт өртөгтэй гэрээг байгуулсан ба хяналтын зөвлөх үйлчилгээний санхүүжилттэй холбоотойгоор барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сард эхлүүлсэн.

Барилгын ажлын талбайд өнгөрсөн жил газар шорооны ажил 98%, суурийн ажил 70%, асфальт бетон хучилтын ажил 68%, хиймэл байгууламж буюу төмөр бетон хоолойн ажил 85%, Загастайн голын гуурийн ажил 95.0%, Хатавчийн голын гүүрийн ажил 93.0%-тaй хийгдсэн бөгөөд энэхүү авто замын барилгын ажлын гүйцэтгэл 76.5%-тaй байна.

Тосонцэнгэл-Улиастай Чиглэлийн 67 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нээсэн бөгөөд үүнээс 40 км авто зам нь асфальт бетон хучилтаар, 24 км авто зам нь хайрган шороон замаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа.

Тухайн төслийн гүйцэтгэгч компани барилгын угсралтын ажлыг 2021 оны 4 дүгээр сарын 15-ньг өдөр эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд энэ онд үлдсэн 24 км авто замын газар шорооны ажил болон цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, нийт авто замын тоноглол, тэмдэглэгээ, нөхөн сэргээлт, заслын ажлыг хийж гүйцэтгэх ба энэхүү авто замын барилгын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *