Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан.
Захирамжаар хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэл хугацаагаар тогтоолоо.
Мөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана.
Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.