Аргын тооллын дөрөвдүгээр сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 29, Могойг хүлэгч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6:13 цагт мандан, 19:34 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.