Сүүлийн 24 цагт хөдөө орон нутагт 102 иргэнээс “Covid-19” илэрсэн. Архангай аймагт халдварын долоон шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 125 болоод байна. Уг 125 тохиолдлоос 42 нь бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн талаар Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Шинээр батлагдсан тохиолдлууд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хайрхан, Чулуут зэрэг сумдаас илэрсэн байна. Одоогоор Архангай аймагт биеийн байдал хүндэвтэр 13, хөнгөн 70 иргэн эмчлүүлж байгаа аж.
Архангай аймгийн засаг даргын орлогч Ц.Мөнхбат “Аймгийн хэмжээнд 1351 хүний Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Шинээр батлагдсан тохиолдлууд нь ойрын болон дам хавьтлууд дундаас илэрсэн. Аймгийн Шуурхай штабын тандалт, хариу арга хэмжээний баг Эрдэнэмандал суманд үүсээд буй голомтод шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн юм.
Тус аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 1431 иргэн тусгаарлалтанд байгаа. Харин дам хавьтлын 2816 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Мөн Эрдэнэмандал суманд 18, Хайрхан суманд зургаан ортой тусгай эмнэлэг дэлгэж, батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэлжээ.