Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзжээ

Одоо Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх саналын томьёоллоор санал хураахад 58 гишүүнээс 48 нь дэмжиж, 82.8 хувийн саналаар Байнгын хорооны санал дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Би байр сууриа байнгын хорооны хуралдаан дээр тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуулийн Цэцэд Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдэлтэй оролцдог. Цэцийн есөн гишүүний гурвыг нь санал болгож, томилуулаад явдаг. Тэр хоригийн асуудал дээр Ерөнхийлөгч буруу жишиг тогтоох гээд байгаа юм. Ер нь бол АН-ынхан болон Ерөнхийлөгчийн зүгээс тайлбар хийж байгаа, ойлгож байна. Гэхдээ хэт их эрх мэдлийн төлөө юм шиг ойлгуулж, харагдуулах зүйл сүүлийн үед яригдаад байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй л дээ. Үндсэн хуульд заасан тэр хяналт, тэнцлийн зарчмаа зөв, зохистой байранд нь оруулах гээд байгаа учраас нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа ч юм шиг, нөгөө талдаа ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд очиж зогсчихоод хүнд байдалд байгаа юм шиг харагдуулах гээд яриа яваад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой. Тэртээ тэргүй Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, ерөнхий командлагч хүн. Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэсэн зүйл огт байхгүй. Монгол Улсын төрийн тэргүүн нь яг тэргүүн шиг байх агуулга руу нь аваачиж тавьж байгаа болохоос Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл огт байхгүй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Халдвар гэж хүнд нөхцөл байдал үүсээд 1.4 жил боллоо. Үүгээр далимдуулж УИХ, Засгийн газар дураараа дургиж, улс төр хийж эрх мэдлийн тэмцэл хийж байгаа юм шиг л харагдаж байна. Гэнэт өнөөдөр яагаад танхимаар хуралдах болов оо. Бусад хуулийг цахимаар хуралдаад байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болсон чинь танхимаар хуралдаж байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга нь ажлаа хийгээд хуралдаж байгаа гэхэд сугалж аваад чөлөөлчихлөө. Онц шаардлагагүй хууль орж ирдэг” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол Үндсэн хуулийн Цэц 10 гишүүнтэй болно. Хүлээж авахгүй бол есөн гишүүнтэй болно. Ийм л тодорхой байгаа юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол Улс хуультай орон. Нэг хүн засаглах ёсгүй. Надтай холбоотой долоон хориг тавьсан. Тэр хориг бүгдээрээ хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Гэхдээ хориг нь өөрөө хуульд нийцэж байх ёстой. Ерөнхий сайдын эрх мэдэлд бүрэн халдсан хориг байсан. Дараа нь байхгүй хууль дээр хориг тавьсан. Мөн нэгдсэн болон улсын төсөв хоёроо холиод хориг тавьчихсан. Энэ бүхнийг УИХ хүлээж аваагүй. Энэ хориг ч бас алдаатай хориг орж ирж байна. Ер нь, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлдөг зүйлээ болих хэрэгтэй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *