-ТОВХОН-
Умард Солонгост хүнсний бараа, эм тарианы хомсдол үүсч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан гадаадын дипломат байгууллагын ажилтнууд эхнээсээ дүрвэж эхэлжээ.Учир нь коронавируст цар тахлын улмаас өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш тус улс хилээ нээгээгүй. Үүний улмаас тус улс Хятадтай хийдэг худалдааны эргэлт нь 80 хувиар буурсан. Энэ нь өргөн хэрэглээний бараа, хүнсний хомсдолд орох шалтгаан болсон байна.
* * *
Тайванийн нийслэл Тайбэйгээс Тайтун хотыг чиглэн явсан зорчигч тээврийн гал тэрэг баасан гаригт осолдож, 51 хүн амиа алджээ. Хуалянь хошууны нутаг дэвсгэрт болсон уг ослын улмаас 186 хүн бэртсэн агаад тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Нас барагсдын дунд Австрали, Хятад, Японы иргэж байгаа юм. Осол гарах үед галт тэргэнд 490 зорчигч байж. Эх сурвалжийн мэдээлснээр төмөр замын ойролцоох барилгын талбайг чиглэн явсан том оврын ачааны машин халтирч жолоодлого алдаж, галт тэрэгний зам руу орж, галт тэрэгтэй мөргөлджээ. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь ослын газарт хүрэлцэн очиж нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.
* * *
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Сүга Ёсихидэ нарын анхны дээд хэмжээний уулзалт Цагаан ордноо дөрөвдүгээр сарын 16-нд болно. Талууд цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, Энэтхэг, Номхон далайн бүсэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх асуудлыг хэлэлцэх гэнэ. Мөн энэ үеэр Умард Солонгосын асуудлаас гадна хоёр орны хооронд хагас дамжуулагчийн сүлжээг бэхжүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологиуд, тэр дундаа 5G утасгүй сүлжээг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцохоор төлөвлөж буй юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн онцолсноор “Энэхүү уулзалт нь АНУ-ын Японтой харилцах харилцааг хэр хэмжээнд авч үзэж байгааг илэрхийлэх юм” гэжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР