Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ.
Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ!
Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа.
Дэлхийн II дайнаас хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ.
Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод хүн амаа вакцинжуулах нь бидний эхний зорилт гэж хэлж байсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ эхлээд үе шаттайгаар Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван гарах цорын ганц зам нь вакцинжуулалт юм.
Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа 2 жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Улс орнуудын засгийн газар бүхэн иргэдээ вакцинжуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар 2-р сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна. Засгийн газраас 4, 5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна.