Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоогийн гаргасан үйлдэл 7-30 хоног баривчлагдах эсхүл 500 мянган төгрөгөөр торгуулах заалттай

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн “Улаан бүс” рүү сахиураар нэвтэрсэн ч маргааш нь тэндээс “Орчин нь таалагдахгүй байна” гэдэг шалтгаанаар гэртээ гарсан байдаг. Үүнийг нь ХӨСҮТ-ийн ажилчид нотолж ярьсан бол Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултыг Шадар сайд огт үгүйсгээгүй билээ. Харин ч нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ээс яаран гарч ирсэндээ хүлцэл өчиж мэдэгдэл хийсэн нь түүнийг цар тахлын “А” бүс, “Улаан бүс”-д нэвтэрчихээд холбогдох журмын дагуу тэндээ 14 хоног тусгаарлагдалгүй шууд гэр рүүгээ явсаныг баталсан юм. Цар тахлын үед гол ажлыг дааж авч байгаа УОК-ыг ахалж байгаа дарга нь өөрөө Гамшгаас хамгаалах тухай хуулийг гэр бүлээрээ ингэж зөрчиж байгааг нь хууль бус гэдгийг ард түмэн сануулж, түүнийг огцорч, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой хэмээн шаардсаар байгаа юм. Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоогийн гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлагдах эсхүл 500 мянган төгрөгөөр торгуулах заалттай юм байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлгийн (Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил) 13 дугаар зүйл (Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих)-ийн хоёрт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсад хууль тэгш хэрэгждэг эсэхийг Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоод Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дахь заалт хэрхэн хэрэгжиж, зохих шийтгэлээ авах эсэхээс харж болох нь. Үүнд цагдаагийн байгууллага анхаарал хандуулж, буруутай этгээдэд зохих шийтгэлийг ногдуулна гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *