Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2021 он гарснаас хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотой 79 гомдлыг тендерт оролцогчдоос ирүүлжээ.
Өнгөрсөн сарын 31-ний байдлаар ирүүлсэн нийт 79 гомдлын 39 нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, уг хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй нэг, 8 нь тендерийн оролцогч биш байв.
Мөн 10 нь тендерт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, 6 нь тендерийн нээлт хийсэн, 2 нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол байсан аж. Түүнчлэн нэг нь гомдлоо дахин гаргасан, нэг нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлт, 10 нь хянагдаж байгаа юм байна.
ШӨХТГ-аас хууль зөрчсөн нийт 39 захиалагчид тендерийн баримт бичигт тендерт оролцох сонирхол бүхий аж ахуй эрхлэгчдийг оролцуулж, өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтийг оруулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгджээ. Нийт 27 захиалагч тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулсан бөгөөд өөрчлөлт оруулсан тухай албан бичгээр мэдэгдсэн байна.
Нийт ирүүлсэн тендерийн гомдлын 28 хувийг уул уурхайн салбар, 20 орчим хувийг эрүүл мэндийн салбар, 13 хувийг барилгын салбар эзэлж байна. Уул уурхайн салбарт холбогдох 22, эрүүл мэндийн салбарт буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендертэй холбоотой 16, барилга, дэд бүтэцтэй холбогдох 10, эрчим хүчний салбарт холбогдох 5, даатгалын үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах тендертэй холбоотой 3 гомдол ирүүлсэн байна.
Ирүүлсэн гомдлыг захиалагчаар нь ангилбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендертэй холбоотой 19 гомдол ирүүлснээс 9 нь хууль зөрчсөн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан 7 тендертэй холбоотой гомдол ирүүлснээс 5 нь хууль зөрсөн байна. Бусад нь “Монголросцветмет” ТӨҮГ, “Шивээ-Овоо” ХК, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг газруудтай холбоотой байна.