Дэлхий дахинд үүсээд буй “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Био аюулгүй байдал, био хамгаалал ба “Ковид-19″” сэдэвт онлайн (ZOOM) сургалт боллоо. БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороог БОАЖ-ын сайд Н.Уртнасан ахалдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Увс, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон Багануур дүүргийн 108 ажилтан, албан хаагчид оролцсон юм.
Сургалтаар коронавируст халдварын Монгол Улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, эмнэлгийн хог хаягдал, анхаарах асуудлууд, Зооноз ба “Ковид-19”, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон “Ковид-19”-ын оношлогооны арга зүй зэрэг олон талын сэдвээр мэдлэг олголоо.
Эх сурвалж: БОАЖЯ