Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
2021 оны дөрөвдүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив.
Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм.
Дээрх хугацаанд:
Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах
Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.