Categories
гадаад мэдээ

Киото хотын интоорын модод 1200 жилийн түүхэнд хамгийн эрт цэцэглэжээ

Жил бүрийн хавар тохиодог интоорын модод цэцэглэх үзэгдэл нь япончууын хувьд чухал үйл явдалд тооцдог.

Японы эртний нийслэл Киото хотод энэ үзэгдэл гуравдугаар сарын 26-ны өдөр оргилдоо хүрсэн нь сүүлийн 1200 орчим жилийн түүхэнд хамгийн эрт цэцэглэсэн тохиолдол болжээ.

Үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал гэж судлаачид дүгнэсэн байна.

Осака мужийн их сургуулийн профессор Ясүюки Аоно сүүлийн 1000 гаруй жилийн түүхэн баримтыг цуглуулж, нягтлаад Киотод жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-17-ны хооронд интоорын модод цэцэглэдэг байсныг тогтоожээ. Гэвч дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд цэцэглэх хугацаа нь урагшилсаар энэ жил оргилдоо хүрсэн юм байна.

Интоорын мод нь орчны температурт маш их мэдрэмтгий байдаг. Тухайлбал 2018 оны намар Токио хотод далайн шуурганы улмаас ер бусын дулаарал ажиглагдахад интоорын модод “улирал андууран” цэцэглэж байсан удаатай.

Аоно профессорын тогтоосноор Киото хотын жилийн агаарын дундаж температур 1820 оноос хойш Цельсийн 3.4 хэмээр нэмэгджээ. Энэ жил нийслэл Токио хотын интоорын модод гуравдугаар сарын 22-ны өдөр оргилдоо хүрч цэцэглэсэн нь дунджаас гурван өдрийн өмнө, 1953 оноос хойших хамгийн эрт тохиосон үзэгдэл болсон байна. Интоорын модод цэцэглэх үзэгдэл долоо хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг ба нийт цэцэгсийн 80-аас дээш хувь дэлбээгээ нээхийг оргил үе нь гэж үздэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *