Categories
мэдээ цаг-үе

“Эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн хөлс ялгавартай олгож байна” гэв

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2021.03.30/ “Цар тахал ба цалин хөлс” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Covid-19-ийн тархалтыг хумих, ард олны эрүүл мэндийг сахин хамгаалахаар ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн хөлс ялгавартай олгож байна гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэллээ.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.АРИУНАА:

Хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үед эмнэлгийн ажилтнуудын цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт байдаг ч энэ хууль хэрэгжихгүй өдийг хүрлээ. Эмч эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс цаг хугацаандаа олгогдохгүй байна. Эмч, эмнэлгийн байгууллагын зүгээс өвчтөний эсэн мэнд байдлын төлөө хүчин зүтгэх тангараг өргөсөн. Тиймээс ч эмч, сувилагчдын зүгээс Covid-19 тохиолдол тархах эрсдэл өндөр байгаа цаг үед хөдөлмөрийн хөлсний асуудлыг хоёрдугаарт тавьсан билээ. Харин одоо вакцинжуулалтын ажил амжилттай зохион байгуулагдаж байна.

Амралтын өдрөөр бүтэн ажилласан ч нэмэлт цагийн хөлс 14-40 мянган төгрөгийн зөрүүтэй байна.

Эрүүл мэндийн ажилтнууд дүүрэг, нийслэл гээд шат шатандаа амралтгүй ажиллаж, тахлын халдварыг илрүүлэхээр битүүмжилсэн хувцастай олон цагаар ажиллаж байна. Энэ тохиолдол нэмэгдэл цалинг ялгаатай олгож байгаа явдал бол харамсалтай.

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга О.БААТАРЧУЛУУН:

Хүргүүлж буй шаардлагыг танилцуулъя. Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан маань хүнд нөхцөлд шат шатандаа ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Гэтэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг өрхийн эмч сувилагч, дүүргийн эмнэлгийн ажилчид тахлын битүү хувцастай олон цагаар шинжилгээ авч, вакцин хийж, гадаа 24 цагаар пост дээр ажиллаж байна. Гэвч тэдэнд хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлс энгийн үеийнхтэй адил өгч байгаа хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж, зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.

Мөн цар тахлын энэ хүнд цаг үед эмнэлгүүдэд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ЭМД-ын сангаас дүүргийн Эрүүл мэндийн төвүүд санхүүжих болсон нь тус эмнэлгүүд санхүүжилтээ гүйцэд авах боломжгүй байгаагаас ажилчдын цалин хөлс, урамшуулал хүрсэн түвшингээс буурах хандлага бий болж байна. Энэ нь эмнэлгүүдэд Covid-19 цар тахлын үед халдвартай иргэдийг эмчлэх ор бэлэн байлгах үүднээс ердийн өвчлөлтэй иргэдээ хэвтүүлэн эмчлүүлэх боломжгүйгээс орны эргэлт буурсан нь санхүүжилтанд шууд нөлөөлж байна гэж үзэж болох юм.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Covid-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байгаа хирнээ нэг сард их эмчийн дундаж цалин 750.0-850.0 төгрөг, сувилагч дунд мэргэжилтэн 670.0-720.0 төгрөг, эрүүл мэндийн ажилтан 470.0-500.0 төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн зэрэгцээ салбарын нийт ажиллагсадын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Цар тахлын үед голомтонд эмч, ажилтнууд нүүр тулан ажиллаж олон сар гэр бүл үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж байгаагийн зэрэгцээ ажиллах явцдаа халдвар авч Covid-19-өөр өвдөх тохиолдлууд ч нэмэгдсээр байна.

Иймд Монгол Улсын Засгийн газарт хандан:

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх.
  2. Зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсч МЭДЭГДЭЛ хүргүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *