Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.
-Л.Наранбаатар саяхан сошиал орон зайдаа Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч компанийнх нь нягтлангаас авлига нэхсэн тухай баримттай дэлгэсэн. Та ч бас авлига нэхсэн байцаагчид хариуцлага тооцсон гэх мэдээллийг сошиал хаягаараа дамжуулж өгсөн харагдсан. Таны постны доор “Скрийн шотыг фотошопоор хийчихсэн юм биш үү, хүнийг худлаа гүтгэж болохгүй” гэсэн агуулгатай шүүмжлэл цөөнгүй харагдсан л даа. Нэр нь дурдагдсан байцаагч үнэхээр тийм үйлдэл хийсэн үү, эсвэл өөр шалтгаан байв уу?
-Гэнэт л мэдээ цацагдаж, хүмүүс утсаар яриад эхэлсэн л дээ. нийгмийн даатгалын ерөнхий газар руу хандаж шалга, үнэхээр тийм үйлдэл гаргасан бол хариуцлага тооц гэсэн чиглэл өгөх үед ндЕг-ынхан Ёс зүйн хороогоо хуралдуулж, үйл явц аль хэдийнэ эхэлчихсэн байсан. Байгууллагын, мянга мянган төрийн албан хаагчдын нэр төртэй холбоотой учраас тэгж анхаарахаас ч аргагүй. ндЕг-ын удирдлага мэдээлэл цацагдсан даруйд нэр дурдагдсан байцаагчийг дуудаж уулзсан юм билээ. Хяналт шалгалт хийж, Даргын зөвлөл нь хуралдаж шуурхай арга хэмжээ авсан. Л.Наранбаатарын постондоо оруулсан чат бичилцсэн зурагнаас гадна хэд хэдэн баримт байгааг хэлэх нь зөв байх.
-АТГ-т өргөдлөө өгчихсөн гэж дуулдсан…?
-Тийм гэсэн. гар утсан дээр нь ирсэн мессэжний бичлэг энэ тэр гээд цөөнгүй баримттай юм билээ. Энэ бол манай салбарын хувьд маш том доргилт. Баримттай байх, олсон баримтаа мэдээлэх, үл тэвчих, өөрсдөө авлига өгөхгүй, авахгүй байх эерэг өөрчлөлтийн том эхлэл боллоо. Me too хөдөлгөөнтэй өнгө ижил зүйл болсон, эхлэл нь тавигдсан гэж харж байна. Бусад нь зориг ороод мэдээлбэл арга хэмжээ авч хариуцлага тооцоод явна. Нөгөө талаас дахин ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр том сургамж болсон байх.
-Та фэйсбүүк, жиргээндээ нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой гомдлуудыг нээлттэй авч, дор бүрд нь хариуцлага хүлээлгээд явна гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн байсан. Компаниудын хувьд дараа дараагийн ажилд нь төвөг болно гээд гомдол санал өгөх нь юу л бол?
-Тийм хандлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гомдол саналаа баримт нотолгоотой хэлж байж л асуудал шийдэгдэнэ. Намайг сайд болсноос хойш яг баримттай, нотолгоотой мэдүүлж хандаж байгаа анхны тохиолдол нь Л.Наранбаатарынх. Ер нь энэ асуудлыг системээр нь өөрчлөх шаардлагатай. Өөрчлөх гол гарц нь цахимжих. Авлигын хуульд өгсөн, авсан хоёулаа шийтгүүлэхээр заачихсан учраас компаниуд өгсөн авлигаа мэдээлж зүрхэлдэггүй тал ч бий байх. Бодлогын түвшинд гэж яривал авлига өгснөө мэдүүлсэн хүнийг шийтгэхгүй байх тал дээр шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй гэж хараад ажил нь эхэлчихсэн яваа. Авлигатай тэмцэх асуудлаар оны өмнө АТГ-тай уулзаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах яриа хөөрөө өрнүүлсэн. Байгууллага бүрийнхээ үүдэнд санал гомдол хүлээж авах хайрцаг нээе гэж ярьж байсан ч ковидын хөл хорионоос шалтгаалж хараахан ажил болоогүй байгаа. Удахгүй санал гомдлын хайрцгууд ажиллуулж эхэлнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, НДЕГ-ын Ёс зүйн хороо авлигатай холбоотой маш олон асуудлыг хэлэлцэж арга хэмжээ авсан түүхүүд бий.
-Нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой авлигын шинжтэй, хүнд суртлын өнгө аястай кейсүүдийг компанийн захирлууд өөр хоорондоо хөшигний ард яриад өнгөрөх нь түгээмэл байдаг л даа. Магадгүй таны хэлээд байгаа санал хүсэлтийн хайрцаг ажиллаад эхэлбэл илүү олон кейс ил болох байх…?
-Хэн нэгэнд давуу байдал үүсгэж асуудлыг нь хурдан шийдэж өгөх, эсвэл хэн нэгний цагийг барж чирэгдэл учруулах гэх мэт сонин хандлагууд байгаад байна л даа. Энэ бол зөвхөн манай салбар гэлтгүй нийтлэг болчихсон үзэгдэл. Машинаа оношилгоонд оруулахдаа хүртэл мөнгө өгч, танил тал хардаг. Бидний өөрсдийн бий болгосон, өөгшүүлсэн хандлага сүүлдээ авлига болоод цэцэглэчихсэн. Хувь хүнээс хамаарах зүйл гэвэл нөлөөллийн ажил хийх, хуулиа чангалах, хариуцлага тооцох гэх мэт арга хэлбэр байж болох байх. Нөгөө талд сууриар нь шийдэх хамгийн чухал асуудал бол түрүүн онцолсон цахимжилт. Зөвшөөрөл авахдаа өргөдлөө онлайнаар өгчихдөг болох, зөвшөөрөл өгсөн баримтууд нь хэн гэдэг хүн дээр очсон нь мэдэгдэхгүй байх гэх мэтээр зөвшөөрөл өгөх процесс 100 хувь цахимаар явагдаад эхэлбэл авлига гэсэн асуудал алга болно.
-Цахимжих ажил хэр эрчтэй явж байгаа бол?
-Тун давгүй шүү. Цахимжуулах боломжтой ажлуудаа цахимжуулчихсан. Өнгөрсөн жил гэхэд л халамжийн системийг цахимжуулж еhalamj системийг нэвтрүүллээ. Иргэд цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг гэх мэт долоо найман төрлийн үйлчилгээг цахимаар бүртгүүлж, дансаар авч байна. Нийгмийн даатгалын салбарын цахимжилт харьцангуй сайн хийгдсэн. Намайг сайд болохоос ч өмнө нийгмийн даатгалын гар утасны аппликейшн жигдэрсэн байсан. Ажлаа авснаасаа хойш сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулж, төлбөрөө төлөх боломжийг бүрдүүллээ. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Байгууллагын нягтлан сар бүр харьяа нийгмийн даатгалын хэлтэс дээрээ очиж баталгаажуулж тамга даруулах шаардлагагүй болсон гэсэн үг. Мэдээлэл алдагдвал, аливаа эрсдэл үүсвэл яах вэ гэдэг агуулгаар жилд нэг удаа л цаасан тайлан авна. Гэхдээ аливаа систем дөнгөж нэвтэрч байхад нэвтрүүлэлттэй холбоотой асуудал гарна л даа. Зарим салбар маань одоо хүртэл тайланг цаасаар авч байна гэсэн шүүмжлэл бий. Иргэдийн хувьд ч даатгалаа цаг хугацаандаа төлөгдөж байгаа эсэхийг цахимаар хянах боломж бүрдчихсэн. Бусад төрийн байгууллагууд цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын төлөлтөө аваад ир гэх мэт шаардлага тавьдаг. Энэ тохиолдолд цаасаар бүрдүүлэх гэж цаг заваа үрэх шаардлагагүй, цахимаар асуудлыг шийддэг болсон.
-Цахимжуулахын хэрээр ажлын байрыг цомхотгоно гэсэн ойлголт байгаа. Хэн ч ажлын байраа алдахыг хүсэхгүй. Тиймээс салбарынхан энэ ажилд хойрго байгаа юм биш биз?
-Ажлын байр, орон тоог хасахгүй. Яагаад гэвэл өнөөдөр үйлчилгээний танхимд ажиллаж байгаа ажилчдын маань ажлын ачаалал маш өндөр байгаа. Харин цахимжуулалт хийсний дараа тэдний маань ачаалал хэвийн болж тэр хэрээр үйлчилгээний чанар, хүртээмж хаа хаанаа аятай тухтай болно. Таны хэлж байгаачлан “Эхэндээ учрыг нь нарийн ойлголгүйгээр таныг салбараас хол хүн байна даа гэж ойлгож явсан минь буруу байжээ” гэсэн чат хүртэл ирж байсан шүү.
-Хөдөлмөрийн магадлалын комисс гэснээс зарим суманд хүн амынх нь бараг 60 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай байна гэсэн мэдээлэл дуулдсан. Яаж ч бодсон бодит байдал дээр итгэж үнэмшимгүй статистик. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Арай ч 60 хувь биш л дээ. Хамгийн өндөр нь гэвэл нэг сумын хүн амын 11 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсан гэж тогтоолгож тэтгэмж авдаг. Улсын дунджаар гэж яривал хүн амын 3.2 хувь нь энэ төрлийн тэтгэмж авдаг юм. Улсын дунджаас хэд дахин өндөр тохиолдол нэг аймгийн нэг суманд байна гэдэг асуудал мөн үү гэвэл мөн. Датагаа сайн цэгцлэх, датан дээрээ суурилаад анализууд хийх эрэлт маш өндөр байгаа л гэсэн үг. Тэр суманд яагаад тийм өндөр хувь гарав гэдгийн судлах шаардлагатай. Байгалийн нөхцөл нөлөөлөв үү, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй ажиллаж байна уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг судалж гаргаж ирэх нь төрийн үүрэг. Шинээр баталж байгаа дүрмээр хөдөлмөрийн магадлалын комиссын эргэн тойронд гарч байдаг олон асуудлыг үндсээр нь засаж сайжруулж чадна. Комисс ирж үйлчлүүлж чадахгүй хүн рүүгээ очдог болно. Цахимаар үйлчилгээ үзүүлнэ. Төв болон салбар, орон нутгийн комиссын бүрэлдэхүүнд даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг багтааж комиссоо байгуулах ёстой гэх мэт. Цаашлаад хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог комиссын ажлыг цахимжуулах суурийг тавьж өгсөн.
-Халамжийг зах замбараагүй олгож байна. Ландтай, мянган малтай хүн танил талаараа элдэв халамж хүртээд явдаг гэсэн дам яриа шүүмжлэл их дуулддаг. Халамж яг зорилтот хэсэгтээ очдоггүй, хэтэрхий хавтгайрсан гэх шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?
-Өнгөрсөн хугацаанд халамжийн үйлчилгээг цахимжуулах ажил урагштай хийсэн. Дата анализ хийх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Жишээ нь, бид яг одоо хүнсний эрхийн бичиг дээр ажиллаж байна. Хүнсний эрхийн бичиг авдаг хүмүүс яг хэн бэ гэдгээс эхлээд нарийн судалж байгаа. Одоо хүчин төгөлдөр байгаа журмын дагуу өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаа хийж, тухайн өрхөд очиж судалгаа авч, орлогоор нь биш орлогын бус аргаар эд хөрөнгөөр нь амьжиргааг нь тооцдог. Энэ судалгааны хувьд өндөр өртөгтэй, 2018 онд шинэчилж байсан гэсэн шалтгаан бий. Гэтэл төрд тодорхой мэдээллийн баазууд нэгэнт үүсчихсэн, эрх зүйн арга замууд нь ч нээгдчихсэн байгаа. Тийм учраас төр өөрт байгаа мэдээллээ ашиглаад тухайн өрхийн амьжиргааг тодорхой хэмжээнд үнэлэх ажлыг хийе гэж зорьж байна. Наад захын жишээ гэхэд л тэтгэмж, халамж авдаг хүн хэдэн малтай, ямар сууцанд амьдардаг, ямар машинтай, тухайн өрхийн хэдэн гишүүн нь ажил хөдөлмөр эрхэлдэг вэ гэсэн олон асуултын хариуг нэгэнт бүрдчихсэн мэдээллийн баазаас харчхаж болно. Өөрөөр хэлбэл, иргэний амаар биш бодит мэдээлэл дээр нь тулгуурлаж тухайн иргэний амьжиргааны түвшинг тооцно. Ингэвэл таны асуусанчлан ланд унаж, мянган мал бүртгүүлсэн хэрнээ хүнсний дэмжлэг авах болон бусадтөрлийн халамжид хамрагдах ямар ч боломжгүй болно. Та нийгмийн ямар нэг төрлийн халамж авахыг хүсэж байгаа бол еhalamj системээр хүсэлтээ гаргаж өөрийнхөө талаар төрд байгаа мэдээллийг ашиглаж болно гэсэн зөвшөөрлөө өгнө гэсэн үг. Дашрамд дурдахад, хүнсний эрхийн бичиг тараах үйл ажиллагаа банкны картаар дамжуулж хүргэж байна. Тун удахгүй цахим картаар өөрийн сонгосон дэлгүүрээс заагдсан нэр төрлийн хүнсээ авдаг болж байгаа.
-Дэлгүүрүүдийг нь тендерээр шалгаруулж заагаад өгчихдөг, өнөө дэлгүүр нь том даргын танил тал голдуу улсын нэр дээр байдаг, бараа нь хэт үнэтэй гэх мэт асуудал сонсогддог…?
-Одоогоор хүнсний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулж байгаа. 800 хүнсний дэлгүүр бий. Хүнсний дэлгүүртэй холбоотой маш олон гомдол ирдэг. Та сая хэлчихлээ. Өнөөдөр бүх дэлгүүрийн касс татварын цахим системд холбогдсон. Энэ боломжид тулгуурлан и-баримт буюу кассын төлбөртэй нь уялдуулаад дурын дэлгүүрээр хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хэцүү биш. Бид энэ ажлыг ойрын хоёр сардаа нэвтрүүлчихнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Халамж авах шаардлагатай хүмүүс цахим системийг ашиглаж чадахгүй гэсэн шүүмжлэл дуулддаг…?
-Уламжлалт аргыг ашигласаар байх болно. Дүүрэг, аймгийн бүх хэлтсүүд дээр очиж үйлчилгээ авах боломж нь нээлттэй. Манай хэлтсүүд бүгдээрээ цахимжсан учраас ямар ч асуудал байхгүй. Хэрэглэгчдэд сонголт байгаа.
-Сүүлийн үед амиа хорлолтын асуудал хүчтэй яригдаж байна. Жилд 400 гаруй хүн амиа хорлодог гэв үү?
-Үндэсний статистикийн 2020 оны суурь судалгааны тайланд дурдсан сүүлийн 10 жилийн тоо мэдээнээс харвал дандаа 400-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн байдаг. Бид нийгмийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйг маш сайн анхаарах хэрэгтэй.Ер нь Барууны өндөр хөгжилтэй орнуудад хүн бүр хувийн сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн эмнэлгүүд ажилладаг. Гэтэл манайд Шар хад гэсэн ганц л газар байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг өргөн хүрээнд хөгжүүлэх ёстой шинжлэх ухаан гэж харах учиртай. Тийм ч учраас Etuslamj дээр амиа хорлолттой холбоотой бас нэг цэс нээх гэж байна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэх мэт чухал хэрэгцээ шаардлага байгаа учир хандах сувгийг нээж өгөхийн төлөө ажиллаж байгаа. Залуу хосууд асуудал гарч ирэхэд яаж даван туулахаа мэддэггүй. Жирэмсэн, төрсөн эмэгтэйчүүдийн хувьд дааврын өөрчлөлт нь сэтгэл гутралд хүргэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдчихсон. Залуу хосуудын харилцаа сэтгэл зүйд анхаарсан төвүүд ажиллуулах, жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тогтолцоо бүрдүүлэх гэж ирээд яривал асуудлыг сууриар нь харж цогцоор нь шийдэх эрэлт өндөр байна л даа. Гэмт хэрэг гарах хэрээр шорон нэмж барьж, гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хэрээр түр хамгаалах байруудыг олноор нь бариад байх нь гарц биш л дээ. Сууриар нь яаж шийдэх вэ гэсэн хандлагаар ажиллах хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд хүүхдэд багаас нь хандлагын өөрчлөлтүүдийг өгч, хэвшмэл ойлголтуудаас салгамаар санагддаг.Хүүхэдтэйгээ хамт суугаад ярилцаж ойлгуулахаас илүүтэй загнаж зандарч зодсон нь хэд билээ. “Би ч гэсэн алганы амт үзэж өссөн муудаагүй л байна” гэдэг. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн хэвшмэл ойлголт. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байхад ийм хэвшмэл ойлголтууд ч хувьсан өөрчлөгдөх ёстой. Хүүхэд хөгжлийн судалгаа явуулж байхад охид хөвгүүд дээр их том ялгаа анзаарагдаж байсан. Эцэг эхчүүд охиддоо илүү их цаг гаргаж, илүү зөөлөн ханддаг бол хөвгүүдээ чанга гараар хүмүүжүүлэх гээд байдаг. Эр хүн уйлдаггүй, гэр бүлээ авч явах ёстой гэж шахаж буруу юм хийвэл биеийн шийтгэл хүлээлгэдэг. Ингэж өссөн хүүхэд асуудлыг биеийн шийтгэлээр шийдэх ёстой гэсэн ойлголттой хүн болж өсдөг. Энэ гинжин хэлхээг л таслах хэрэгтэй. Энэ мэт учир шалтгаануудыг ярьж, учир шалтгаануудтай тэмцэх ажил хиймээр санагддаг. Түүнээс биш гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гээд барьж хорьж торгоод асуудлыг шийдэх боломжгүй. Зарим улс Гэр бүлийн яам байгуулж, олон орон Гэр бүлийн хөгжлийн төв ажиллуулдаг нь цаанаа ийм учиртай. Манайд ч ийм бүтэц ажиллуулах шаардлага бий. Монгол гэр бүл хэдэн төрөлд хуваагдаж байна, үнэ цэнэ нь юунд оршдог, тулгамдаж байгаа асуудал нь юу вэ гэдгийг системтэйгээр судалж, асуудлыг шийдэх арга гарцуудыг хаймаар байгаа юм.
-Шийдвэр гаргах түвшний хүмүүс асуудлыг уг сууриар нь харж системтэйгээр хөгжүүлье гэж ярьдаг л даа. Гэхдээ ярьсан бүхэн нь ажил болдоггүй гэм их тод анзаарагдаад байдаг…?
-Урт хугацааны системтэй бодлого гээд ярихаар Засгийн газрын дундаж хугацаа маш богино гэсэн том асуудал бий. Нэг засгийн газрын дундаж нас 1.8 жил гэдэг билүү.Нэг засаг нь гарч ирээд өмнөхөө үгүйсгээд өөр ажил сэдээд явдаг.
-Тэр хавьцаа л яригддаг. Өнгөрсөн гучин жилд байгуулагдсан Засгийн газруудын түүхийг харахаар хоёрхон Засгийн газар бүрэн эрхийг хугацаагаа дуусгаж бүтэн ажилласан байдаг. Нэг нь таны өвөө П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газар байсан…?
-Хамгийн богино нь дөрвөн сарын хугацаатай ажилласан шиг санагдаж байна.
-Сая төгрөг өгч залуусыг хөдөлмөрт бэлдэнэ гэсэн Засгийн газрын бодлогыг шүүмжлэх хүн олон байна л даа. Татвар төлөгчдийн мөнгийг халамж авдаг баахан хүнд тараах нь гэсэн агуулгатай шүүмжлэл давтамжтай дуулдаж байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч, ямар учиртай төсөл хэрэгжих гээд байна вэ?
-Ер нь бол манай яам ойрын дөрвөн жилийн зорилтоо “Халамжаас хөдөлмөрт” гэсэн хоёрхон үгээр илэрхийлж томьёолоод байгаа. Өмнө нь ч явж байсан бодлого. Үе үеийн сайд нар “загас өгөхөөс илүү загас барих аргыг нь зааж өг” гэсэн зарчмыг барихыг хичээж ирсэн. Зүгээр мөнгө өгснөөс ажлын байртай болгож өөрөө өөрийгөө тэтгэж авч яваа боломжийг бүрдүүлж өгөх нь ядууралтай тэмцэх хамгийн сайн арга. Саяхан манай хөрш Хятад улс нэн ядуурлыг устгалаа гэсэн мэдэгдэл хийлээ. Хамгийн гол үндэс нь ядуу хүн ядуурлаас гарах чин хүсэлтэй байх ёстой гэж тайлбарлаж байсныг та ч сонссон байх. Ядуу гэр бүлд төрсөн, боломжоос орхигдсон, группд байдаг ээжийгээ асрах ёстой, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт яалт ч үгүй нөхцөл байдалд орсон залуус хөдөлмөрлөж цалин мөнгө авч сайхан амьдралд хүрэх боломжийн талаар мэдэхгүй яваа нь яалт ч үгүй бодитой үнэн. Товчхондоо зорилтот бүлгийн ийм залуусыг сонгож аваад ажилд бэлдэнэ. Энэ хөтөлбөр ганц манайд хэрэгжиж байгаа юм биш. Боломжоос орхигдсон залууст боломжийг нь олгодог, хөдөлмөрт бэлтгэдэг ийм хөтөлбөрийг олон улс хэрэгжүүлсэн. Хүмүүс хөдөлмөрт бэлтгэх гэдгийг мэргэжил олгох гэж буруу ойлгоод байх шиг. Тогтвортой хөгжлийн зорилтуудын аравдугаар зорилго нь гэхэд тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн. Зорилтот бүлгийн залууст тэгш боломж олгогдолгүй өнөөг хүрсэн нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн.
-Ажил хийх учраа олохгүй, хаана хандахаа мэдэхгүй, хандах боломжгүй залуусыг хөдөлмөрт бэлтгэнэ, хандлагыг нь өөрчилнө, ажиллаж мөнгө олох арга боломжуудыг нь зааж хэлж өгнө гэж ойлголоо…?
-Ер нь тийм. Наад зах нь л төсөл бичих, ажлын хүсэлт бөглөх гээд зайлшгүй хэрэгтэй зүйлсийг сургана. Сургалт нь дотроо харилцан адилгүй. Огт боловсролгүй, МСҮТ, Их дээд сургууль төгссөн ч ажилгүй яваа зорилтот бүлгийнхний сургалтын агуулгууд ондоо. Тэр агуулгаар нь контентоо дөрөв тав задалж байгаа.
-Ажлын байртай нь шууд холбож өгөх үү?
-Сургаад орхичихгүй гэдэг утгаараа хөтөлбөрийн хүрээнд менторшип орж ирж байгаа. И-монгол дээр нэг шинэ цэс нэмнэ. Ажил олгогч талаас ажлын байрны зарууд орж ирнэ. Хөтөлбөрт хамрагдсан залуусыг шууд ажлын байраар хангана гэсэн үг. Ажилгүй үлдсэн залуусыг давтан сургах хөтөлбөрт хамруулна. Менторшип гэдэг нь ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл дэмжиж орж ирж байгааг хэлээд байна л даа. Шинэ ажилтан өөрийгөө хөгжүүлж, хамт олны нэг хэсэг болохын тулд яалт ч үгүй менторууд хэрэгтэй.
-Сая төгрөгийн урамшуулалтай энэ хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар гэж харах хүмүүс цөөнгүй байна. Энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бол?
-Ковидын нөхцөл хүнд байгаа учраас ойрын үед эхлүүлэхгүй. 500 хүнийг нэг дор цуглуулахаас гадна олон багш нар вакум сургалтын байр руу ирж очих гээд хөдөлгөөн ихтэй байна. Ямар ч байсан энэ хөтөлбөр дунд хугацаандаа, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед том амжилт дагуулах сайн төсөл болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Ажил олгогчид сургалтад хамрагдсан тухайн залууг аваад нэг жилийн турш ажиллуулах юм бол хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх урамшууллыг авна. Тухайн залууд нэг сая, ажиллуулсан байгууллагад нэг сая төгрөг өгнө гэсэн үг. Мэдээж гэрээний заалтуудыг биелүүлсний дараа өгнө. Ажилтай орлоготой болсон залуу урамшаад цааш хөгжинө, улам сайхан руу тэмүүлнэ дээ. Тийм ч учраас хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн, тогтвортой орлоготой болсон залуус орон сууцтай болохыг дэмжихээр хөтөлбөрт тусгасан байгаа.
-Тэтгэвэрт гарахдаа цайны сүү, ойр зуурын хэрэглээнд л хүрэлцдэг мөнгөтэй байх уу, дажгүй хуримтлал үүсгээд тэтгэвэрт гарсан хойноо хангалуун сайхан аж төрөх үү гэсэн асуултын өмнө нийгмээрээ ирчихээд байна л даа. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл дээр ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Манай нийгмийн хамгийн том асуудал л даа. Тэтгэврийн тогтолцоог шинэчилнэ гэсэн зорилт тавьчихсан яваа. 2030 он хүртэл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг 2016 онд баталсан. Тэр баримт бичигт Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэсэн зорилт бий. Бэлтгэл ажлууд нь хангагдсаар өнөөг хүрсэн. Харамсалтай нь 1995 оноос хойш нийгмийн даатгалын хуулиар дэндүү олон удаа оролдлоо л доо. Маш олон удаа улс төрийн зорилготой элдэв шийдвэр гарсан. Урт хугацаандаа тавьсан зорилтыг биелүүлэх боломж олгохгүйгээр дундуур нь ингээд эвдээд явчихсан учраас өнөөдрийн систем хүндрэлд орчихсон. Мөдхөн бид нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барина. Үзэл баримтлалуудаа батлуулчихсан. Суурь тэтгэвэр, үндсэн нийгмийн даатгалын одооны уламжлалт хэсэг, хувийн тэтгэврийн сан гэсэн гурван давхаргат тогтолцоотой байх болов уу гэж харж байна. Хүсвэл хуримтлалын сангуудаар дамжуулаад хувийн тэтгэврийн санд хамрагдах боломжтой. Хуримтлалын санд хуримтлуулсан мөнгө өвлөгдөнө, хөрөнгө оруулах ч юм уу нэг дор нь авах боломжтой. Уламжлалтын хувьд 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн данснаасаа, 1979 оноос өмнө төрсөн хүмүүс сонголтоороо тогтоолгоно. 1969 оноос өмнө төрсөн нь сүүлийн төдөн жилээр гэх мэт сонголтоор явна. Яг өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст нийгмийн даатгалын шинэчлэл нөлөөлөхгүй. Тэдэнд тэтгэврийн зөрүүг арилгах бодлого нөлөөлнө.