Categories
гадаад мэдээ цаг-үе

Коронавирусийн шинэ хувилбар Чех улсад илэрчээ

Чехийн Брно хотын “Elisabeth Pharmacon” лабораторийн судлаачид коронавирусний өмнө нь бүртгэгдэж байгаагүй мутац илрүүлжээ.

Халдварт өвчин судлаач Омар Шеригийн хэлснээр вирусний гадаргуу дээр илэрдэг уураг хувьсан өөрчлөгдсөн байна. Энэ мутац өдгөө тус улсад тархаад буй “Британи” омгоос аюул багатай гэнэ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 10 сая орчим хүн амтай Чех улсад 1.5 сая хүн халдвар авснаас 25.8 мянган өвчтөн эндэж, 1.3 сая хүн эдгэрээд байна.

Халдварын эрчимтэй тархалттай холбогдуулан тус улсад онцгой байдал тогтоож, нийгмийн амьдралыг хязгаарлаад байна. Өдгөө Чехд зөвхөн хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, эмийн сан ажиллаж байна. Томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд долоо хоногт хоёр удаа ажилчдаас нь шинжилгээ авдаг байна. Хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, 21.00-05.00 цагийн хооронд хөл хорио тогтоожээ.

Өнгөрсөн ням гарагт Чехийн Эрүүл мэндийн сайд Ян Блатны халдварын нөхцөл байдал сайжрах төлөвтэй байгаа тул зарим хязгаарлалтын арга хэмжээг сулруулах асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн байна. Үүнд цэцэрлэг, бага ангийн хичээлийг эхлүүлэх зэрэг арга хэмжээ оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *