Categories
мэдээ спорт

Г.Хэрлэн Тбилисийн Их дуулгаас хүрэл медаль хүртжээ

Гүржийн нийслэл Тбилис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангиллаар анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ.

Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, С хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Их Британийн Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ.

Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа.

Гэвч манай бөх хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн Баграти Ниниашвилиг “иппон” буулгасан байна. Ингэснээр Г.Хэрлэн чансаагаа 500 оноогоор ахиулснаар дэлхийн чансааны дөрөвдүгээр байр руу дэвших боломжтой боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *