Categories
мэдээ нийгэм

1673 иргэнд 126 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүний үр дүнд зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавар гарч байгаа аж.

Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлд зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15639 айлын орон сууц ашиглалтад орсноос 5594 айлын орон сууц төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлд, 5691 айлын орон сууц арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагджээ. 2020 онд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн эх үүсвэрийг 410.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны нэгдүгээр улиралд хийсэн зах зээл дэх орон сууцны судалгаанаас үзэхэд 1816 айлын орон сууц борлуулагдаагүй байгаа бол 2021 онд 23591 айлын орон сууцыг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй аж. Үүнээс нийслэлд 19191 айл, орон нутагт 4400 айлын орон сууц төлөвлөгджээ.

Тус яам 2021 онд ипотекийн зээлийн хэмжээг ойролцоогоор 700-800 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Монголбанктай тохироод буй юм байна. Энэ нь өмнөх гурван жилийн дунджаас 2.3 дахин нэмэгдүүлсэн дүн бөгөөд жилд 10000 орчим зээлдэгч хөтөлбөрт хамрагдах ажээ. Цаашид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварын судалгаа болон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, ажлын байртай уялдуулах үүднээс ипотекийн зээлийн санхүүжилтийн 25-30 хувийг хөдөө орон нутагт тогтвортой олгохоор төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *