Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.АМАРСАНАА: Хариуцлагагүй, ёсзүйгүй цөөн хэдэн хүнээс болж эрүүл мэндийн салбар тэр чигтээ ичгэвтэр байдалд орлоо

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.


Коронавирусийн халдварын тархалтын тоог нэмэгдүүлэхгүй байхын тулд засгийн газар, эмЯ, холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Засгийн газраас коронавирусийн халдварын тархалтыг хумихын тулд олон төрлийн аргыг туршиж үзлээ. “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зарим улс орнууд амжилттай зохион байгуулж, дотоодын халдварын тоог хумьж чадсан туршлага бий. Гэтэл зарим улс орнуудад тус шинжилгээний явц үр дүн муутай байсан. Өөрөөр хэлбэл, үр дүн нь харилцан адилгүй байсан. Ямар тохиолдолд үр дүн муутай байсан бэ гэхээр “Нэг хаалга -Нэг шинжилгээ” хийлгэсний дараа иргэд тайвширчихдаг. Миний шинжилгээний хариу сөрөг гарчихсан юм чинь гээд халдвар хамгааллын дэглэмээ сахихаа больдог. Түүнчлэн дараагийн асуудал бол “Нэг өрх-Нэг шинжилгээ” хийх ажил эдийн засгийн хувьд өртөг өндөртэй. Хэдийгээр нийслэл хотод амьдарч байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулсан хэдий ч дахин халдварын голомт идэвхжиж өдөрт илрэх тохиолдлын тоо буурахгүй бол яах вэ. Дахин дээрх шинжилгээг үргэлжлүүлэх юм уу гэдэг асуудал ч хөндөгдөнө. Яг үнэндээ манай улсад удаа дараа “Нэг өрх- Нэг шинжилгээ”-нд иргэдээ хамруулаад байх эдийн засгийн чадамж байхгүй. Дахин ийм шинжилгээ хийлээ гэхэд улс орны эдийн засагт асар их сөрөг нөлөөтэй гэдийг тухайн үед зарим эрдэмтэд анхааруулж байсан. Одоо яг ийм нөхцөл байдалд ороод байна. Манай улс анх тандалтын арга хэрэглэж коронавирусийн халдварыг илрүүлж байсан шүү дээ.

Тэр арга эдийн засгийн хувьд хэмнэлттэй, бай руугаа чиглэсэн арга хэмжээ байсан юм байна гэж үзэж байна.

Миний хувьд одоо коронавирусийн халдвар ихээхэн гарч байгаа хэсгүүддээ хэсэгчлэн хөл хорио тогтоох нь илүү үр дүнтэй гэж харж байна. Түүнээс биш дахин хотыг бүхэлд нь хамарсан хатуу хөл хорио тогтоох нь тийм ч үр дүнтэй, зохимжтой арга биш гэж бодож байгаа. Хоёрдугаарт, хүн амаа вакцинжуулах ажлын хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Богино хугацаанд нийт хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулалтад хамруулж чадах юм бол халдварын давлагаа удаашрах, цаашлаад эдийн засгаа аврах боломжтой гэж харж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого болоод эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад итгэж байлаа. Гэтэл дэлхий нийтийг хамарч, цаашлаад улс орныг хамарсан халдварт өвчин дэгдээд байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагынхан ёс зүйгээ хэрхэн баримтлах ёстой вэ. Иргэдийн итгэлийг хүлээсэн ХӨСҮТ, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд шинжилгээний хариуг сольдог, хэн нэгний өмнөөс шинжилгээ өгдөг, цаашлаад шинжилгээний хариуг худалддаг нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Ний нуугүй хэлэхэд, дээрх асуудал дээр би жирийн иргэд, уншигчидтай адилхан шоконд орсон. Үнэхээр ийм хүнд хэцүү цаг үед манай эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдээс тийм ёс зүйгүй үйлдэл гарна чинээ төсөөлөөгүй. Энэ асуудалд одоо ч итгэж ядаж байна. Иргэд болоод би хэнд итгэхээ ч мэдэхээ больж, маш их харамсаж байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар бол маш том салбар. Салбарынхаа бүтцээр боловсролын салбарын дараа ордог том аппарат. Гэтэл энэ том салбарт ажиллаж байгаа олон мянган хүний нэр төрийг ганц хоёрхон хүний хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээр шууд дүгнэж болохгүй. Иргэдээсээ ч бас шууд ийм дүгнэлтэд битгий хүрээрэй гэж хүсэх байна. Учир нь ажилдаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр ажилладаг эмч, эмнэлгийн салбарын ажилчид олон бий. Хариуцлагагүй, сэтгэлгүй ёсзүйгүй цөөн хэдэн хүнээс болж эрүүл мэндийн салбар тэр чигтээ ичгэвтэр байдалд орлоо. Ийм арчаагүй, ухвар мөчид бодлоосоо болж хариуцлага алдсан хүмүүст ёсзүйн хариуцлага бүү хэл захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой. Үнэндээ өнгөрсөн хугацаанд болоод одоо ч хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэсэн эрүүл мэндийн салбарын ажилчдыг нийтээр нь харлуулж болохгүй. Хэдийгээр цалин хангамж муу, амралтгүй шахуу, хонон өнжин ажилласан тэр хүмүүсийн сэтгэлийг бодож иргэд саруул ухаандаа тунгаана гэдэгт итгэж байна. Энэ үйл явдал бидэнд маш том сургамж боллоо. Дахин ийм алдаа хэзээ ч бүү гараасай гэж хүсч байна.

Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эмч, эмнэлгийн ажилчид иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ тангарагладаг. Гэсэн хэдий ч энэ тангаргаасаа няцсан хүмүүсийн цаана хэдхэн төгрөгийн эрх ашиг байсан нь харагдаад байгаа юм?

-Нэг талаас харахад эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн халамж, хангамж төдийлөн сайн байдаггүй нь энэ тохиолдлоос харагдаж байгаа юм. Манай улсын эрүүл мэндийн салбарынхны цалин хангамж дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад асар бага. Тэр бүү хэл Ази тив дотроо ч сүүл мушгиж байгаа. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид ёс зүйгээ зөрчих хэмжээнд яригдах шалтаг, шалтгаан биш. Биднээс ч цалин багатай хэрнээ эрүүл мэндийн салбар нь хөгжсөн тухайн салбарын эмч, эмнэлгийн ажилчид нь ёс зүйгээ өндөрт өргөж, ажил мэргэжилдээ эзэн болж байгаа улс орны жишээ олон бий. Тэр хүмүүстэй харьцуулахад бид бүх зүйлийг цалин хангамжтай холбож болохгүй. “Муу бол баруун хойд овоохой” гэдэг шиг би ч ийм хангамж, цалин муутай. Тиймээс ёс зүйгээ уландаа гишгэж болно гэсэн зөвтгөл хэзээ ч, хаана ч байж болохгүй. Цалин хангамжийн асуудал хүнд, түүнийг шийдэх шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энэ ямар нэгэн зөрчлийг урдаа барих тайлбар биш.

Манай улсад коронавирусийн тохиолдол илэрсэн ньЭнхсарансувилалд халдвар хамгааллын дэглэм зөрчсөнтэй холбоотой гэж үздэг. Тийм ч учраас саяхан цагдаагийн байгууллагаас тухайн сувиллын газар ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд болоод хэвтэн эмчлүүлж байсан нэр бүхий 13 хүнд хариуцлага тооцох болсон талаараа мэдээлсэн. Бидэнд дотооддоо коронавирусийн халдварыг алдахгүй байх боломж байсан гэж та бодож байна уу?

-Ер нь бол коронавирусийн халдвар манай улсын дотоодоос гарахгүй гэдэг нь тодорхой байсан. Аюул хаана байсан бэ гэхээр гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдлууд болон хил гаалиар тээвэр хийж байгаа болон гадаадаас ирсэн иргэдээс халдвар тархах нь ойлгомжтой байсан. Гэтэл дотооддоо халдварыг алдана гэдэг бол халдвар хамгааллын дэглэм ямар нэгэн байдлаар алдагдсаныг л илтгэж байгаа юм. Тэнд ямар нэгэн байдлаар назгайрал, алдаа гарсан нь тодорхой. Хариуцлага алдсан хүмүүсийг тогтоож хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны асуудал. Харин яг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй болов уу. Миний хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь арай хатуу санагдаж байгаа. Энэ нь санаатай гаргасан алдаа юу, санамсаргүй байдлаас үүссэн алдаа юу гэдгийг дэнслэх л ёстой. Тухайн газар үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийг удирдлагууд нь мэргэжил арга зүйгээр хэрхэн хангаж, хэдэн удаа сургалтад хамруулсан бол, халдвар хамгааллын дэглэмийг хэвшүүлэхэд хэрхэн анхаарсан бол гэх мэт олон зүйлээс шалтгаалах болов уу.

Улс орон даяар халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед халдварыг улс төрийн зорилгоор ашиглах нь хэнд ашигтай вэ. Зарим нэг улстөрчид коронавирусийн халдварыг ашиглан эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй болох алхам, оролдлого хийгээд байна уу гэж харагдаад байна л даа?

-Иргэд болоод зарим нэг улстөрчид энэ талаар хардах эрх бий. Энэ асуудалтай холбоотой юу ч гэж харж болно. Гэтэл бодит факт ямар байна вэ. Яг үнэндээ зарим зүйлүүд маш бүрхэг байна. Наанадаж коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хичнээн их наяд төгрөгийг хэрхэн, юунд зарцуулж байгаа талаар бодит судалгаа, тоо баримт хаана ч алга. Энэ бараг улсын нууцын зэрэгт хамааралтай асуудал болчихоод байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ковидын улмаас хичнээн төгрөг зарцуулж үүнээс хэдийг нь оношилгоо, эмчилгээ, тусгаарлалтад зарцуулав. Гүйлгээ нь хаанаас гараад хаагуур ороод ямар үр дүнд хүрсэн талаар хөндлөнгийн ямар байгууллагаар аудитын шалгалт хийлгэсэн юм бэ. Иргэдэд ил болгох шаардлагатай зардлууд маш их байна. Надад мэдэхийг хүссэн асуулт, хариулт олон байна. Одоо ч асуултын тэмдэг хэвээр хариулт, шийдэл хүлээж байна. Гадаад дотоодын олон мянган иргэд, байгууллагуудаас хэдэн арван тэрбум төгрөг хандиваар цуглуулсан. Эдгээр их хэмжээний мөнгийг юунд зарцуулсан талаарх задаргааг нарийвчлан гаргах хэрэгтэй байна. Энгийн иргэдээс авахуулаад салбарын эмч мэргэжилтнүүд бид ч мэдмээр байна. Цаасан дээр буулгасан баримт тоо үзэгдэж харагдахгүй болохоор хэн хэнд нь хардлага байна. Үүнийг эцэслэх л ёстой. Эцэст нь улс орон, дэлхий нийтийг хамарсан болон голомтлон гарсан ямар ч халдварт өвчин хэн нэгний эдийн засгийн, эрх мэдлийн хөшүүрэг, гүүр болох ёсгүй.

Эцэст нь, коронавирусийн эсрэг вакцинжуулалтад иргэд хамрагдаж эхлээд байна. Гэсэн хэдий ч вакцин тойрсон маргаан,үнэн худал эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл тасрахгүй л байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

– Монголд орж ирсэн бүх төрлийн вакцинууд туршигдчихаад орж ирж байгаа. Ганцхан манай улсад биш, дэлхийн бусад улс орнууд ч хэрэглэж байна. Гэхдээ вакцин хүний биед ямар ч гэм хоргүй зүйл бол биш. Тодорхой хэмжээний гаж нөлөө заавал гардаг. Шинээр бүтээсэн эм, вакциныг хэрэглээнд нэвтрүүлсний дараа судалгааны, туршилтын явцад илрээгүй олон төрлийн гаж нөлөө гарч эхэлдэг. Учир нь судалгааны үед цөөхөн хүнд туршилт хийдэг. Вакцины хувьд сүүлийн шатны туршилтыг 20-30 мянган иргэнд туршиж байгаа. Гэтэл хэрэглээнд нэвтрүүлэх үед хэдэн зуун мянган хүнд хийж байна. Тиймээс туршилтын үеийн мэдээлэл, зах зээлд нэвтрүүлсэн үеийн мэдээлэл зөрдөг. Өөрөөр хэлбэл, 30 мянган иргэнд хийх нэг өөр, 300 мянган иргэнд хийх нэг өөр. Өөр өөр дүгнэлт гарна. Тиймээс туршилтын үед илрээгүй нөлөөнүүд хэрэглээнд нэвтрүүлсний дараа ажиглагдана. Цаашид ямар нэгэн гаж нөлөө гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс 100 хувь үл тоож болохгүй, гаж нөлөөтэй гээд хориглож болохгүй. Хамгийн гол нь ямар ч нөлөө ажиглагдсан бай түүнийг эмчлэх бэлэн байдалд эрүүл мэндийн салбарынхан бэлэн байх ёстой.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *