Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд их спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа.
Какүрюү Хаврын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээснээр зодоглож чадаагүй. Ингэснээр өнгөрсөн оны долоодугаар сарын тэмцээнээс хойш таван тэмцээн дараалан башёд оролцоогүй нь Японд ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа.
Ёкозүна Какүрюү дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод нийт 785 барилдаж, 497 давж, 236 унажээ. Мэргэжлийн сүмод 20 жил барилдахдаа тусгай шагналыг 9 удаа хүртсэн сайхан аварга байлаа. Тэрээр цаашид Какүрюү нэрээрээ Сүмогийн холбоонд ажиллана. Ёкозүна цолтон зодог тайлаад нэрээрээ таван жил холбоонд ажиллах эрхтэй байдаг аж.