Төв аймгийн Сэргэлэн суманд бүтээн байгуулалт хийнэ хэмээн 22 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах гэж байгааг иргэд малчид эсэргүүцэж, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөл “Манай сумын 22 мянган га газрыг Богд хаан төмөр замын бүтээн байгуулалт, хот байгуулна гэж гэж улсын тусгай хэрэгцээнд авсан. Бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч газрыг хоморголон авахыг дэмжихгүй байна. 1,800 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Газрыг том хэмжээгээр авчихаад хоёр төрлийн зураг гарч ирсэн. Дахиад дараагийн 3 дахь зураг гарч ирэх мэдээлэл ч дуулдаж байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт газрыг буцаан авах шаардлага хүргүүлж байна.
Гуравдугаар сарын 19-нд Сэргэлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийг дуудаад Барилга, хот байгуулалтын яамны сайд хүчээр хурал хийсэн. Манай сумын газар багасаж, малын бэлчээргүй болоод байна.
Бид бүтээн байгуулалтыг дэмжиж байна. Төмөр замын төсөл шийдэгдээгүй байхад манай сумын газрыг авсан. Хашаагаа янзалж, худаг гаргаж чадахгүй, хэзээ хөөх нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдалд байна” гэлээ.