Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн вакцин хийлгэснээр үүсэх дархлаа нь илүү найдвартай

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 116 буюу 33.2 хувийг машин ачилт, 57 буюу 16.3 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх асуулт эзэлсэн байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой асуулт хамгийн их ирж байна. Иймээс иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

Хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийх үү?

-Үгүй. Хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийгдэж эхлээд байна.

Вакцин хийлгэснээс халдвар аваад дархлаа тогтоосон нь илүү сайн биш үү?

-Үгүй. Халдвар аваад эдгэрсний дараа хүний биед тодорхой хэмжээний эсрэг бие үүсэх бөгөөд энэ дархлаа хэр удаан хугацаанд тогтвортой хамгаалах нь тодорхойгүй. Харин вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй. Мөн халдвар аваад хүмүүс хүндээр өвдөх, эдгэрсний дараа зарим шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилдэг зэрэг хор уршигтай.

Яагаад хоёр удаагийн тун хийлгэх ёстой вэ?

-Эхний тунг хийлгэсний дараа хүний дархлааны систем вирусийг таних чадвартай болдог. Гэхдээ хангалттай дархлаа тогтоогүй байдаг. Харин хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлааны хариу урвал улам хүчтэй болгодог. Тиймээс маш сайн дархлаатай болж, халдвараас сэргийлэхийн тулд хоёр тун хийлгэх ёстой.

Вакцин эхний тун болон хоёр дахь тунд өөр өөр вакцин хийлгэж болох уу?

-Хоёр тун нэг ижил вакцин байх ёстой.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *