Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажлыг Англи улстай хамтран хэрэгжүүлнэ

Монгол орны төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын асуудлаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал тэр дундаа зэрлэг амьтдыг хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түвшинд гарган хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм. Тодруулбал аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчинд ээлтэйгээр нийгэм, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн ирэх 11-р сард Гласгов хотноо зохион байгуулагдах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26-р бага хуралд оролцох асуудлаар санал солилцсон юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Талуудын 26 дугаар бага хуралд оролцох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа онцоллоо. Цаашид хоёр улс Монгол орны унаган байгаль, зэрлэг амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *