Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Боловсролтой, ёс зүйтэй иргэд улс орноо авч явдаг

Орчин үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг болжээ. Энэ бол туйлын гэрэл гэгээтэй үйлдэл юм. Хилийн гаднах амьдрал биш монголчуудынхаа тухай ярьж байгаа юм шүү. Өнөөдөр ихэнх айл хүүхдээ гайгүй сургуульд оруулчих санаатай хичээж байна. Багаас нь хүүхдээ сургуульд нь зөөж, завсар чөлөөгөөр нь оюун ухаан, бие бялдрыг нь тэлэх дугуйлан, сургалтад ч уйгагүй явуулж эхэлжээ. Олсон хэдэн төгрөгөө хүүхдийнхээ боловсролд харамгүй зарцуулж байгаа нь бахархууштай. Үр хүүхдээ боловсролтой, хүмүүжилтэй, ёс зүйтэй болговол ирээдүйд сайн сайхан амьдрах нь тов тодорхой учраас ийн хичээж байгаа хэрэг. Яг энэ байдлаараа 20-иод жилийн дараагаас Монголд нэгэн хүчирхэг шинэ үе, боловсролтой, ёс зүйтэй давхарга гарч ирэх нь тодорхой юм. Энэ бол бидний ирээдүйд харагдаж байгаа гэрэл гэгээтэй үе юм.

Ер нь монголчууд бид хүүхдээ ер тоодоггүй байж. Хүүхдүүд нь хөрвийн аргаар өсч томордог байв. Өглөө хичээлдээ явах нь үнэн, орой орж ирж унтах нь үнэн байв. Эцэг эхчүүд нь ажлаа нэгдүгээрт тавьж, наймаанд гүйж, амьдралаа болгох гээд зүтгэж байхад хүүхдүүд эзэнгүй мэт өсч байв. Боловсрох, сурч мэдэх,хүмүүжил гээд бүгд хаалганы цаана үлдэж, хүүхдүүд дур зоргоороо өсч өдийг хүрлээ. Ялангуяа нийгмийн өөрчлөлт, ид бужигнаан дунд буюу 90-ээд онд сурч байсан хүүхдүүд өдгөө эрийн цээнд хүрч, ид ажлын фронтод гарчээ.

Багаасаа халамж анхаарлын гадна өссөн дийлэнхийн хувьд нэгэн ижил зан төлөв тогтсон нь ажиглагддаг. Тууштай биш, уйдамхай, няцаж буцахдаа амархан, тогтсон үнэт зүйлгүй тийм нэг үеийнхэн идэр насандаа явна. Энэ үеийнхэнд өөр бас нэг адил чанар байдаг нь мөнгөнд шүтэгсэд. Мөнгөний төлөө бүгдийг өгдөг болсон. Мөнгө, мөнгө, мөнгө гэсэн үзэлд баригдсан хүмүүс талын хүний уужим чанар, юмыг уучилж өнгөрөөдөг уужуу зангаа гээжээ. Өнөөгийн манай нийгмийн мөн чанар, зан төлөв, хөгжил цэгцэглэлт ийм л өнгөтэй явна.

Твиттер, фэйсбүүк гээд нийгмийн сүлжээний хөгжил, мэдээллийн эрин зууны сайн тал нь ирээдүйн чиг хандлагыг тодорхой зааж өгдөг. Ирээдүйд боловсрол мэдлэгтэй, хүмүүжил, ёс суртахуунтай хүмүүс үнэ цэнэтэй байхыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй хөгжилтэй орнуудын нууц нь энэ юм. Боловсролтой иргэдтэй улс хөгждөг. Ёс суртахуунтай иргэдтэй нийгэм эрүүл оршдог. Хаа очиж манайхан үүнийг анзаарч, үр хүүхдэдээ боловсрол олгохоор хошуурч байна.

Өдөр, шөнөгүй хичээл сургуульд нь зөөж, хэл ус нэмэлтээр зааж, хөгжим сургаж гэх мэтээр байж болох хэмжээгээрээ хүүхдүүдээ боловсруулж байна. Байнга хүүхдийнхээ дэргэд байгаа болохоор буруу зөрүүг нь зөвлөж, ойлгож ярилцаж хүмүүжилд нь эергээр нөлөөлж байна. Хэдийгээр хүүхдэдээ боловсрол олгох нь хувь хүний хөгжил, тухайн гэр бүлийн асуудал мэт боловч нийтээрээ боловсролтой иргэдтэй болох нь улс орны ирээдүйд хэрэгтэй юм. Ийм гэгээн үйлдлийг хөхиүлэн дэмжих, сайшаан бахдаж байх хэрэгтэй.

Ийм боловсролтой, хүмүүжилтэй шинэ үеийнхэн наашилж байна. Хамгийн багадаа 15 жил өнгөрөхөд энэ үеийнхэн хөдөлмөрийн талбарт гарч, нийгмийн өнгийг тодорхойлох нь. Тэр үеэс л бидний өдгөө хүсээд байгаа хөгжил дэвшил, ёс суртахуун, хүмүүжил нийгэмд цогцолж, шинэ уур амьсгал бүрэлдэх буй за.

Боловсролтой, ёс зүйтэй иргэд улс орноо авч явдаг. Шинэ үе айсуй.

Д.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *