Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаан боллоо.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр, үр дүн, хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэв.
Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн сард зарласан. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байгаа.
Учир нь 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор хэрэгжүүлнэ. Улсын төсөвт ямар нэг дарамт учруулахгүйгээр шийднэ гэж тухайн үеийн Сангийн сайд тайлбарлаж, 5.1 их наяд төгрөгийг бие даан зарцуулах эрх авсан. Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар зарцуулсан хэрнээ үр дүн нь төдийлөн сайн байж чадсангүй.
Ковидыг хүн амын дунд хяналтгүй алдсан, вакцинаа ч захиалаагүй, худалдан авах төсвөө шийдвэрлээгүй байсан нь ил болсон. Гэтэл халдвар өдөрт зуу зуугаар нэмэгдэж орон нутагт халдвар алдах эрсдэл бодитоор нүүрлэлээ.
Дэлхийн банкны тооцооллоор өдрийн орлого нь 1.5 ам.доллараас бага бол ядуу гэж үздэг. Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь орох эрсдэл бий болоод байна. Үүнээс харахад хэдэн өрх ямар орлогоор амь зууж байгааг тодорхойлж болно.
Хэдийгээр хүүхдийн мөнгө гэх мэт зарим зөв бодлого байгаа ч 350 мянган өрх хүүхэдгүй байгаа нь тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Өдөр тутам орлого олж амьдардаг 180 мянган өрх орлогогүй болсон. Энэ мэтээр бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламж дэмжлэгийн гадна үлдээд байгаа өрх олон байгаа тухай бүлгийн гишүүд хэлэлцэв.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд ядууралд өртөж байна гэж дүгнэлээ. Мөн гадаадын зарим орон, олон улсын байгууллагуудаас 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авах гэрээ байгуулжээ. Нэмээд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн дарамт учруулсан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ.
Энэ мэт зарцуулсан мөнгөнийхөө тайланг төгрөг бүрээр тайлагнах ёстой ч уг хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөг зарцуулаад байгаа гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй тайлан мэдээлэл алга байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулан дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, хяналт тавьж ажиллах болов.
Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг