Categories
мэдээ нийгэм

Тонн тутамдаа 177-200 кг дутуу, чанаргүй арматур импортолж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Нэг тонн тутамдаа 177-200кг дутуу, чанарын шаардлага хангахгүй арматур импортолж байсан “Цамхаг гүүр” компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар нараар ахлуулсан Ажлын хэсэг чанарын шаардлага хангаагүй компаниудыг шалгажээ.

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Арматур импортлогч аж ахуйн нэгжүүдэд удаа дараа шалгалт хийж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай “Цамхаг гүүр” ХХК-ийн арматурын дээж бүрээс нэг метрийг лабораторид шинжлүүлж, тухайн газар дээр нь кранаар хэмжихэд тонн тутмаас дутаж, механик шинж чанар нь алдагдсаныг тогтоолоо. Тухайлбал, наймын арматур нь тонн тутамдаа 6 кг, 25-ын арматур 190 кг, 18-ын арматур нэг багцдаа 632 кг дутуу байна. Энэ нь тонн тутамдаа 177-200 кг дутуу гэсэн үг. Ингэснээр барилгын чанарт нөлөөлөх, хэрэглэгчид хохирох эрсдэлтэй” гэв.

Өнгөрсөн онд “Цамхаг гүүр” ХХК 24 мянга орчим тн арматурыг тонн тутамдаа 2,1 сая төгрөгөөр худалдан борлуулжээ. Тухайн компани БНХАУ-ын Тяньшианаас импортолж байхдаа мэдээгүй гэсэн тайлбарыг мэдүүлсэн байна.

Түүнчлэн, ШӨХТГ-тай хамтран 2020 оноос хойш худалдаж авсан аж ахуйн нэгж, байгууллагын хохирлыг барагдуулах, барилга байгууламжид хэрэглэсэн бол зураг төслийн тооцоог дахин шинээр хийлгэх аж.

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар “Импортоор орж ирдэг арматурыг шалгахад зөрчил их гарах боллоо. Засгийн газраас аж ахуйн нэгж, байгууллагаа дэмжихээр хилээр шалгах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг цөөрүүлснээр арматурыг шалгахгүй оруулж ирэх болсон. Үүнийг далимдуулан шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа нь харамсалтай. “Цамхаг гүүр” ХХК-д зөрчлийн хэрэг нээн, үйл ажиллагааг нь зогсоож, торгууль ногдуулна. Цаашид худалдаж авсан байгууллага, барилгадаа ашигласан газрыг олж, хохирлын хэмжээг тооцох, барилгын үнэлгээ дахин хийлгэнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *