Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

А.Энхжин: ​​Сүүлийн киногоороо “Үнэн” хаана байдаг, “Хайр” хаана оршдогийг ойлгуулахыг хичээсэн

“Этик” продакшны жүжигчин МУСТА А.Энхжинтэй ярилцлаа. Тэрээр сүүлд “Хэлгүй жим”, “Хүний цаана”, “Үнэн хайр” зэрэг уран бүтээлд гол дүр бүтээгээд байгаа билээ.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаас яриагаа эхэлье. “Үнэн хайр” кино контентоо үзэгчдэд хүргээд удаагүй байгаа. Энэ тухайгаа яриач?

-Манай “Этик” продакшн байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Бид бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл хийхийг зорьж ажилладаг. Өмнө нь “Этик” продакшн түүхэн уран бүтээл хийж байсан бол энэ удаа драма төрлийг сонгосон. Энэхүү киногоороо үзэгчдэд ганцхан тохиох амьдралдаа зөв яваасай. “Үнэн” гэдэг зүйл хаана байдгийг, “Хайр” хаана оршдогийг ойлгуулахыг хичээсэн билээ.

-Ер нь нийгэмд болж өрнөдөг олон төрлийн сэдвийг хөндсөн байсан. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олддоггүй, тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэх үүднээс ялгаварладаг жишээг тусгаж өгсөн байсан шүү?

-Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө боловсролтой олон хүн байдаг. Манай монголчууд хүнийг ажилд авахдаа нас, хүйс, царай зэрэг зүйлийг харгалздаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс маш их зүйл гардаг. Тэд бүтээж чаддаг. Энгийн хүнээс илүү торгон мэдрэмжийг олж хардаг шүү дээ. Тэр зүйлийг л киногоороо гаргахыг зорьсон.

-Энэхүү кино контент нь “Этик” продакшны хэд дэх уран бүтээл вэ?

-Өргөн дэлгэцийн гурван кино хийсэн. Мөн IPTV-д кино контент хийгээд байна. Гэхдээ кино контент гэхээсээ илүү уран сайхан шиг сайн уран бүтээл хийж ард түмэндээ хүргэхийг хичээж ажиллаж байна даа. Өмнө нь “Амуре” гэдэг 10 ангитай контент хийсэн ч гурван ангийг нь зогсоосон. “Үнэн хайр” кино нь манай продакшны тав дахь уран бүтээл байгаа.

1 хүн, зогсож байгаа болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болно-Уран бүтээлээ хийхдээ мэргэжлийн хүмүүсээс хэр зөвлөгөө авдаг вэ?

-Зөвлөгөө авалгүй яахав. Хамгийн анхны уран бүтээлээ хийхэд аль өнцгийг тусгаж өгөх, хэрхэн хийх тал дээр маш олон хүнтэй уулзаж, ярилцаж байсан. “Цуурхал” кинон дээр ч мөн адил мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Ер нь зөвлөгөө авахаас гадна, киноныхоо түүхийг сайн судалдаг. Зарим хүмүүс өнгөцхөн хараад судалгаа дутуу гэж боддог байх. Сайн бүтээл хийхийн тулд судалгаа чухал. Тиймээс нэн тэргүүнд киноныхоо түүхийг судалж, түүхэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулздаг.

-Ер нь гагцхүү аав ээжийн хайр л “Үнэн” үү. Та юу гэж бодож байна?

-Энэ дүр дээр ажиллахад маш их баяртай байсан. Аавыгаа алдаад удаагүй байсан болохоор ч тэр үү нэг зүйл дээр их эмзэглэсэн. Дөрвөн настайдаа ээжийгээ алдаж байсан. Амрагийн хайр, найзын хайр, эд юмсын хайр гээд ер нь хайр олон янз шүү дээ. Энэ дундаас хэзээ ч хувиршгүй хайр нь аав ээжийн хайр. Ялангуяа эх үрийн холбоо маш аугаа зүйл. “Хал нь гаднаа, хайр нь дотроо”, “Үхтэл үр харам” гэдэг шиг л энэ хайрыг хэзээ ч тасалж үл чадна. Бичигдээгүй “Үнэн хайр” аав ээжийн л хайр байдаг.

-Киноны дунд хэсэгт “Миний охин буруу гэж бодож байгаа бол битгий хий. Харин зөв гэж бодсон зүйлээ зоригтойгоор хийж байгаарай” гэж охиндоо захидаг. Энэ үг үзэгчдэд урам өгсөн байх?

-Киног маань үзсэн хүмүүс өөрсдийн дүгнэлтээ хийсэн байх. Хүн бүр үр хүүхдэдээ үүнээс ч илүү том сургааль айлддаг. Энэ хоёр текст залуу гэр бүл, залуучуудыг, анхны үрээ тэвэрч буй хосуудад урам өгөөсэй гэж энэхүү урмын үгийг оруулсан юм. Манай хамт олон байгуулагдаад удаагүй дөнгөж л цэцэглэж байна. Бид хийж буй бүх уран бүтээлдээ сэтгэлээ шингээдэг. Амьдралдойр байдаг кейс бүрийг тусгаж өгдөг. Та нэг л амьдарна тиймээс “Үнэн” л хайрла.

Гараа тайруулдаг хэсгийн зураг авалтыг хэрхэн хийсэн бэ. Хүнд байв уу?

-Миний хувьд хамгийн хүнд сцени байсан. Кинондоо тоглочихоод л маргааш нь лам дээр очиж ном уншуулсан. Монгол хүн чинь их сүсэг бишрэлтэй шүү дээ. Кино контент мөртлөө уран сайхны кинон дээр ажиллаж байгаа юм шиг л том баг бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай графикч энэ хэсгийг төгс авсан гэж бодож байгаа.

-Танай хамт олон цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид амьдралд байхгүй хийсвэр сэтгэлгээтэй бүтээл хийхийг боддоггүй. Харин бодит зүйлийг уран сайхны маягаар илэрхийлэхийг хүсдэг. Одоо 1984 онд болсон “Уран”-ны үйлдвэрт ажиллаж байсан хоригдлуудад тохиолдсон “Мардай” гэх бүтээл хийнэ. Монголд тулгамдаж буй асуудлын нэг яахын аргагүй “уран”. Хөл хорионы өмнө зураг авалтаа хийж байсан ч УОК-ын шийдвэрээр зогсоосон. Одоо халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад дахин “Мардай” киноныхоо ажилд ороод явж байна. Мөн хамгийн анхны уран бүтээл болох “Хүний цаана” киноны хоёрдугаар ангийг энэ зунаас хийхээр төлөвлөчихсөн. Цаашид “Этик” продакшн тайзны уран бүтээл хийх хүсэлтэй байгаа.

3 хүн гэх мэтийн зураг байж болно

-Залуучууддаа хандаж өөрийнхөө баримталдаг зарчмаас хуваалцаач?

-Энэ орчлонд энэ биеэрээ ганцхан удаа амьдарна. Алдаж, оносон ч сэтгэлд чинь юу багтаж байна тэр бүгдийг зориглоод хий. Битгий хойш суу. Бид уруудаагүй өгсөж яваа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *