Үйл ажиллагаа нь нээгдсэн худалдаа үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн талаар мэдээллээ. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор
“Хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдсэн хоол, нийтийн үйлчилгээний 3,000 орчим ААН-д НМХГ-ын алба хаагчид давхардсан тоогоор 8,300 удаагийн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.
Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд хоол, нийтийн үйлчилгээний 1175 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 668 зөрчил дутагдал илэрснээс 343-ыг нь газар дээр нь арилгуулсан байна.
Тус өдрүүдэд нийтлэг илэрсэн зөрчлүүдээс дурдвал:
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй -45 ААН, байгууллага
- Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил- 118 ААН, байгууллага
- Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй- 66 ААН,
- Тусгай өрөө /VIP/, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй -27 ААН
- Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлээгүй- 16 ААН
- Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй -11 ААН
Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон” гэв.