Categories
гадаад мэдээ

Хятад улс ирэх таван жилийн төлөвлөгөөгөө баталжээ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ) пүрэв гаригт өндөрлөлөө. 13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулган нийслэл Бээжинд энэ сарын 5-нд эхэлсэн. Тус хурлаар төлөөлөгчид үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө, 2035 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг тус тус баталжээ. Мөн 2021 онд хүн амын амьдралын сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд түлхэц өгөх хөтөлбөрийг дэмжлээ. Тодруулбал, Хятадын хууль тогтоогчид шинэ таван жилийн төлөвлөгөөндөө анх удаа ДНБ-ий өсөлтийн тодорхой тоо заагаагүй байна. Мөн өсөлтийн доод хязгаараас бууруулахгүйгээр жил бүр тодорхой нөхцөлүүдийг үндэслэн зорилтуудыг тавихаар болжээ.

Энэ удаагийн төлөвлөгөөндөө дотоодын эдийн засгийн нөхцөлийг сайжруулах, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх, хүнс, эрчим хүч, санхүүгийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгоход чиглэсэн хөгжлийн аюулгүй байдлын тусгай хөтөлбөрийг оруулах юм. Мөн хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, хот суурин газрын оршин суугчдын тоог нийт хүн амын 65 хувьд хүргэхээр зорьж байгаа аж. Түүнчлэн ногоон эдийн засгийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний салбарын төсвийг долоон хувиар нэмэгдүүлэх, Бүс ба зам санаачилгыг илүү өргөжүүлэн тэлж, сурталчлах зэрэг зорилтуудыг тавьжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс ирэх жилүүдэд цар тахлын дараах сэргэлтээр дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгална хэмээжээ.

БХАТИХ энэ удаагийн чуулганаар Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталсан байна. Энэ тухай асуудлыг хурлын сүүлийн өдөр хэлэлцсэн агаад санал хураалтыг телевизээр шууд дамжуулсан байна. Хуралд 2896 төлөөлөгч оролцсоны нэг нь түдгэлзсэн байна. Дээрх хуулийн төслийг БХАТИХ-ын Байнгын хороо боловсруулж, Хонконгийн Үндсэн хуулийн 1, 2 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Үүний дараа Хонконгийн Засгийн газар орон нутгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм байна. Тодруулбал, шинэ тогтолцоо нь “Хонконгийн эх оронч засаглал” -ын зарчмыг хангахад чиглэгдэх аж. “South China Morning Post” сонины онцолсноор Хятадын эрх баригчид Хонконгийн парламентын гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэх гэнэ. Мөн засаг захиргааны тэргүүнийг сонгодог сонгогчдын коллегийн 1200 гишүүнийг 1500 болгож өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *