Categories
мэдээ цаг-үе

Орон нутагт тавдугаар сараас вакцинжуулалт эхэлнэ

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар Төрийн ордны их танхимд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцсон ба бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд энэ үеэр онцлоод, ковидын цар тахалтай тэмцэх ажилд Засаг дарга нарын ажлын хариуцлага, хяналт хурд, мэдрэмж дутагдаж байгааг анхааруулсан юм.

Шадар сайд мөн уулзалтын үеэр “Бүх зүйлийг Засгийн газарт, Улсын Онцгой комисст даатгаад суудаг байж таарахгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал буюу аймаг, хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг орон нутгийн удирдлагууд нөхцөл байдал, эрсдэлээ зөв тооцож, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гарган, шаардлагатай зохицуулалтыг хийхийг үүрэг болгож байна” гээд аймаг, орон нутагт вакцинжуулалт тавдугаар сараас эхэлнэ гэдгийг мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *