Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг бөөр орлуулах аппарат буюу гемодиализын тоног төхөөрөмжтэй болжээ.
2019 онд орон нутгийн төсвийн 79,750,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд гемодеализын аппаратыг шийдвэрлэсэн бөгөөд сумын Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад орох хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж байсан аж.
Тус сумын Нэгдсэн эмнэлгийн барилга энэ оны хоёрдугаар сард ашиглалтад орсноор иргэд бөөрний гемодиализын аппаратыг сумандаа хэрэглэх боломжтой болжээ.
Аймгийн хэмжээнд бөөр орлуулах эмчилгээг 30 гаруй иргэн хийлгэдэг бөгөөд үүний долоо нь Замын-Үүд сумын иргэн юм.
Тус сумын иргэд долоо хоногт хоёроос гурван удаа аймгийн төв рүү явж эмчилгээнд ордог байжээ.