Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Залуус Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж жагслаа

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ өдөр Монгол улсын төв талбай дээр залуус Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэн цуглаж үзэл бодлоо илэрхийллээ. Эргэн сануулахад Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-ны өдөр болсон Жендерийн үндэсний хорооны хурлын үеэр “Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна. 16, 17 настай хүүхдүүд хүүхэд гаргаж гэртээ сууж байна. Ингэж хэллээ гээд намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй юм билээ” хэмээн мэдэгдэж олны дургүйцлийг хүргэж байв. Дараахан нь “Миний үгийг утгыг ойлгохгүйгээр эмзэглэж хандсан байна. Тэгж эмзэглүүлсэндээ хүлцэл өчье” гэсэн утгатай үг унагасан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм утгатай үг хэлэх үеэрээ “Эрчүүдийн ихэнх нь шөнийн 02:00 цагаас хойш орж ирдэг. Биеийн цэвэрлэгээ хийгдэх ёстой энэ цагт монгол эр хүн архи ууж, хорхог идээд байж байдаг. Энэнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Манай эрчүүд бүгд жингийн илүүдэлтэй. Гүзээтэй генералуудтай болсон. Энэ асуудлыг эмэгтэйчүүд хамдаа хөндөх цаг болсон байна” гэсэн нь мөн л олны шүүмжлэлд өртсөн юм. Товчхондоо Ерөнхий сайдын энэ мэт мэдэгдэл, уучлал гуйсан өнцгийн аль аль ньсошиал орчинд шүүмжлэлийн сэдэв болоод байна. Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж цугласан залуусын байр суурийг хүргэе.

Б.ЦАЦРАЛ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ МЭДЭГДЛЭЭРЭЭ ЯМАР БУРАНГУЙ УЛС ГЭДГЭЭ ДЭЛХИЙД ХАРУУЛЧИХЛАА


Иргэн Б.Цацрал: Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд эрх нь зөрчигдөж байгаа сая сая эмэгтэйн эрхийн тухай хөнддөг. Ерөнхий сайдын Жендерийн үндэсний хороон дээр тавьсан илтгэлийг маш олон хүн сонссон. 16, 17 настай охидыг залуугаараа гэр бүл болоод хүүхэд төрүүлээд байвал цэрэгт явуулахаас өөр арга байхгүй гэх мэтээр ярьсан нь маш харамсалтай. Өнөөдөр манай улсад 16, 17 настай хүүхдүүдийн хувьд гэр бүл болох гэхээс илүүтэйгээр хүчирхийллийн хохирогч болсон байдаг. Мэдлэг, мэдээлэл, нөхөн үржихүйн боловсрол олж авч чадаагүйгээс үүдсэн асуудал л байдаг. Гэтэл бид ийм асуудлуудаа ярьдаг өдрөө нэгэнт хүчирхийллийн золиос болсон охид эмэгтэйчүүдээ ахиад шийтгэнэ, болохгүй бол арга хэмжээ авна шүү гэж сүрдүүлж байгаа нь ардчилсан хүнлэг нийгэм бүтээх гэж яваа залуусын эх оронд байж боломгүй хандлага. Ерөнхий сайд нь ийм үг хэлснийхээ төлөө огцордог ёс зүйтэй, тэгж хариуцлага хүлээдэг улс орныг залуус бид хүсч байна. Ерөнхий сайдын уучлал гуйхыг харсан. Хүмүүс яг юунд бухимдаад яагаад хариуцлага нэхэж байгааг огт ойлгоогүй байсан. Хэлбэрт анхаарахаас агуулгыг нь анзаарахгүй байна гээд нэг улсын нэр хэлж байна лээ. Бид улс улсын загвар харж хөгждөг улс болж байгаа юм уу. Улсын Ерөнхий сайдаас амнаас гарч байгаа үг болгон бодлого. Энэ өнцгөөс нь харахад дэлхийд ямар бурангуй улс гэдгээ харуулчихлаа л даа, Ерөнхий сайдын саяхны мэдэгдэл.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГГҮЙ БОЛ МЭДДЭГЭЭС НЬ АСУУГААЧ ЭЭ, ЕРӨНХИЙ САЙД АА

ШУТИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийн эрх гэж хязгаарлахаас илүү хүний эрх гэж харах ёстой л доо, Ерөнхий сайдын мэдэгдлийг. Үнэнийг хэлэхэд Монголд хүний эрх хөлийн жийрэгний үнэгүй шахуу байна. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд бүсгүйчүүдийг юу гэж хэлснийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэрний цаана эрчүүд хэрэг алга, идэж ууж байна, шөнө орой гэртээ ирдэг, хүүхнүүдийг эрт жирэмслүүлдэг,гэдэс гүзээ нь гэж хэрэг алга гэсэн утгатай үг хэлсэн л дээ.Англиар body shaming гэдэг дээ. Хүнийг харагдах байдлаар нь гоочилж болохгүй. Манайх ингэж ялгаварлаж болохгүйг Үндсэн хуульдаа хүртэл заачихсан улс. Би гүзээтэй байх эрхтэй. Энэ бол хүний эрх талаасаа маргааш нар гарна гэж байгаа юм шиг тодорхой зүйл. Гэтэл ийм тодорхой зүйлийг улсын хамгийн хариуцлагатай албан тушаалыг хашиж яваа хүн хамар доорххагархай гэдэг шиг дураараа хэлж ярьж болохгүй. “Та бол иргэн Л.Оюун-Эрдэнэ биш Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тийм учраас хариуцлагатай байгаач ээ, хүний эрхийн талаар үнэхээр мэдлэггүйбол, харагдах байдлаар ялгаварлан гадуурхалт байж болохгүйн цаад шалтгаан юу болох тухаймэддэг чаддагаас нь асуугаач ээ” гэж танай сонины сайтаар дамжуулж хэлмээр байна. Дараа дараагийн удаа хариуцлагатай алба хашдаг дарга нар хэлэх үгэндээ нухацтай, хүний эрхийн мэдрэмжтэй хандаач ээ гэж хүсч байгаа учраас энэ цуглаанд нэгдлээ.

Ч.БАТ-УЯНГА: ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГНИЙ ХЭЛБЭР, АГУУЛГА АЛЬ АЛИНЫГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА


Хуульч Ч.Бат-Уянга: Ерөнхий сайдын хэлсэн үгний хэлбэр, агуулгын аль алиныг эсэргүүцэж жагсч байна. “Алдарт эх”-ийн одон, хүүхдийн мөнгө, хүүхэд асарсны тэтгэмж зэргээс харахаар Монгол Улс хүн амын өсөлтийг буюу төрөлтийг дэмжих бодлоготой улс шиг байгаа юм. Хууль зүйн хүрээнд шүү дээ! Гэвч бодит амьдралд хүн амаа өсгөх бодлогынх нь хийдэл эсвэл дутуу дулимаг нь тод харагддаг. Хүн амаа өсгөхөөс гадна чанартай өсгөх ёстой. Гэвч чанар өсгөх боломж алга. Хүн амаа өсгөх бодлогоо үнэндээ Монгол улс бодитоор дэмждэггүй.

За, ямартай ч бодлогын хувьд Монгол Улс хүн амаа өсгөмөөр байгаа юм байна гэж ойлгоё, гэтэл Ерөнхий сайд яг эсрэг өнгө аястай зүйл ярьсан. Агуулгыг нь хүчилж ойлгохыг хичээвэл төрөлт эрт байгаад, эрчүүдийн асуудалд санаа нь зовсон шиг байгаа юм. Төрөлт эрт болсон нь үнэн. Энэ анхаарах нийгмийн асуудал мөн үү гэвэл мөн. Эрчүүдийн дундаж наслалт бага, тэдэнд зонхилон тохиолддог эхний таван өвчний хувьд хооллолтын дэглэм, архи тамхины хэрэглээтэй холбоотой өвчлөл жин дардаг нь ч үнэн. Энэ бүхэн цаанаа жендерийн шалтгаантай. Үүнийг жендерийн тэгш байдал, хүний эрхийнхээ үүднээс харсан бодлогоор шийдэх ёстой. Асуудал, бодлого, тогтолцоогоо судалж, ойлгож байж дараа нь ярих ёстой байтал мань хүн ичээх, доромжлох, хүч хэрэглэх арга зам яриад байна л даа.

Цаашилбал цэргийн алба ажилгүй хүмүүсийн очдог алба юм уу гэж ирээд үг, өгүүлбэр бүрээр нь задалбал Ерөнхий сайд тэр чигтээ шалгалтад унахаар хэцүүхэн зүйл ярьсан даа.

С.ХАЛИУНАА: СУРГУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙХАД ОХИДЫГ ЦЭРЭГТ ЯВУУЛАХ ТУХАЙ ЯРЬЖ СУУГААД НЬ ХАРАМСЧ БАЙНА

Иргэн С.Халиунаа охинтойгоо

Иргэн С.Халиунаа: Би ээж хүн, иргэн хүнийхээ хувьд энд ирлээ. Хүүхдүүд маань ковидын хөл хорионоос болоод бүтэн нэг жил гэртээ байлаа. Жилийн өмнө эрүүл мэндээ бодох ёстой гэдэг үүднээс хөл хориог дэмжиж байсан. Харин ингэж удаан үргэлжлэхээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхээс гадна хөгжих эрх нь зөрчигдөж байна. Сургууль хаалттай энэ өдрүүдэд эмэгтэйчүүд маш том ачаалал үүрч яваа. Би дөрвөн хүүхэдтэй. Манайх төгсөх ангийн хоёр хүүхэдтэй. Тэдэнд маань өндөр мэдлэгтэй багш нарын багийн зүтгэл хэрэгтэй байна. Жилийн өмнө Дэлхийн банкны судалгаагаар хөгжингүй орнуудын хүүхдүүд хөгжилтэй орнуудын хүүхдүүдээс хоёр жилээс хоцорч явна гэсэн дүгнэлтгарсан байсан. Гэтэл тэр судалгаанаас хойш нэг жил өнгөрчихлөө, миний хүүхдүүд хэр хоцорсныг хэлж мэдэхгүй сууж байна. Бага насны хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд маш их цаг зарцуулдаг, цэцэрлэгийнхээ хүүхэдтэй байнга хамт тоглохгүй бол телевизийн донтой болох эрсдэл бий. Ийм ачаалалтайгаар гэрээсээ ажиллахаар ажлын бүтээмж бараг тавин хувиар буурч байна. Миний тухайд санхүүгийн хувьд бие даасан хүн. Ийм байхад надад хэцүү байгаа юм чинь гэр хороололд амьдардаг ээж нарт бүр хэцүү байгаа. Үнэнийг хэлэхэд тэнд амьдардаг ээж нар дуу хоолойгоо тэр бүр хүргэж чадахгүй суугаа. Мартын найман гээд бялуу, цэцэг бэлгэнд авч баярлахаасаа илүү монгол ээжүүдийн дуу хоолойг хүргэе гээд зориод ирлээ. Ерөнхий сайдын хувьд гээд ярихад хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйл сургууль болчихоод байхад, цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагаар суралцаж байхад 17, 18 настай охидыг цэрэгт явуулна шүү гэсэн утгатай мэдэгдэл хийгээд сууж байгаад нь ээж хүний хувьд хэлэх үг олдохгүй юм. Ерөнхий сайдаас сургууль нээж өгөөч ээ, вакцинаа хурдан хийгээч ээ гэж хүсмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *