Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхцэцэг: Эмэгтэй хууль тогтоогчид тэгш бус байдлыг багасгах, эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж чаддаг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” сэдэвт онлайн хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кибояши Хироюки, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар нээж үг хэлсэн юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кибояши Хироюки “Япон Улсын Засгийн газар, Японы хөгжлийн хамгийн том нөөц бололцоо болгох үүднээс “Эмэгтэйчүүдийн хүч”-ийг ашиглан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг нэн чухал асуудлын нэгд оруулахаар дэвшүүлж байна. Япон Улсын ГХЯ-ны тухайд ч мөн 2014 оноос хойш WAW буюу “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг 5 удаа зохион байгуулж ирсэн. Түүнчлэн НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн байгууллага зэрэгтэй хамтран ажиллаж дэлхийн бүхий л улс оронд жендерийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг сурталчлах, дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Жендерийн зөрүүтэй байдлын индекс”-ийг авч үзвэл, 2019 онд Япон Улс 153 орноос 121-р, Монгол Улс 79-р байранд орсон байна. Японы жендерийн зөрүүтэй байдлын индексийн тухайд ялангуяа, улс төр, бизнесийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байна. Энэ семинар нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бага ч байтугай хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна. Мөн энэ үйл ажиллагаагаар дамжуулан хоёр орны өнөөгийн нөхцөл байдал болоод тулгарч буй асуудлын талаархи ойлголтыг гүнзгийрүүлж талууд харилцан суралцах, эрдэмтэн судлаачдын санал бодлоо солилцох энэ талбар нь цаашдын хоёр орны хамтын ажилагааг өрнүүлэх боломж болох аваас туйлын их баяртай байна” гэв.

-Эмэгтэй хууль тогтоогчид тэгш бус байдлыг багасгах, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж чаддаг-

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамнаас “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” онлайн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах санал тавьсанд УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар талархан хүлээж авсан. Энэ дашрамд талархал илэрхийлье. Дэлхийн улс орон, бүс нутгийн хэмжээнд хүний эрх, тэгш эрхийг хангаж, ялгаварлан гадуурхалттай тэмцэх орчин хангалттай сайн бүрдээгүй боловч Япон болон Монгол Улсад харьцангуй сайн үнэлгээтэй байгаа. Гэхдээ улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд төдийлөн сайн биш буюу жендерийн тэгш эрхийг хангах квотдоо хүрээгүй байна. Эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор төрийн бодлогод чанарын өөрчлөлт гардаг төдийгүй авлигын түвшин буурдаг гэх судалгааны үр дүн бий. Тиймээс бид шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, манайлагч эмэгтэйчүүдээ дэмжих, хүчтэй дуу хоолой болгоход нөлөөлөл үзүүлэх шаардлагатай байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх билээ.

Ингээд энэхүү хэлэлцүүлэгт хүндэт зочноор оролцож буй Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кибояши Хироюки болон зочдод сонирхолтой сэдвээр илтгэх тавих Японы Софиа их сургуулийн профессор, доктор Мари Миүра, зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг нарт талархал илэрхийлэхийн сацуу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе” гэв.

Мөн тэрбээр “Тэгш бус байдлыг бууруулахын төлөө эмэгтэйчүүдийн улс төр дэх төлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролтой холбоотой нийгмийн тулгамдсан асуудалд зөвхөн эмэгтэйчүүд анхаарах ёстой мэтээр ташаа ойлголт хандлага олон нийтийн дунд түгээмэл байна. Олон нийтийн дунд байгаа нийгмийн ёс суртахуунгүй байдал, ажилгүйдэл, ядуурал, хүчирхийллийн буруутан нь эмэгтэйчүүд өөрсдөө гэх ташаа төсөөллийг өөрчлөх, жендэрийн боловсролд анхаарах цаг иржээ. Дэлхийн улс төрийн практикаас үзэхэд эмэгтэйчүүд улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нам, үзэл баримтлал, шашин шүтлэг зэрэг ялгааг давж ажиллах магадлал өндөр байдаг. Эмэгтэй хууль тогтоогчдын эзлэх хувь өндөр парламент хүний эрх, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг хуулиудыг багтаасан жендэрийн тэгш байдлыг хангах хууль тогтоомжийг баталж хэрэгжүүлдэг. Мөн эмэгтэй хууль тогтоогчид тэгш бус байдлыг багасгах, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж чаддаг” гэдийг онцолсон юм.

Үүний дараа Японы Софиа их сургуулийн профессор, доктор Мари Миүра “Жендэрийн тэгш байдлын төлөөх эмэгтэйчүүдийн хѳдѳлгѳѳн: соёлын шилжилт ба хууль эрх зүйн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд тэрбээр Японд эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэх явцдаа улс төрийн ажилд оролцож болдоггүй хатуу дүрэм үйлчилдэг нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцоотой байхад сөргөөр нөлөөлдөг гэдгийг илтгэлийнхээ үеэр дурдлаа.

Мөн Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг “Эмэгтэйчүүдийн талаарх хэвлэл мэдээлэл ба олон нийтийн хандлага: Социализмын болон түүний дараах үед” сэдвээр тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээллийн гол баатрууд дийлэнхдээ эрэгтэйчүүд байгаа нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн дүр төрх, эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлж байна. Нийгмийн сүлжээнд ч, ХМХ-д ч улстөрч, шийдвэр гаргагч эмэгтэйчүүдийг илүү сөрөг талаас нь дүрслэх, эмэгтэй хүн олон хүүхэд төрүүлж эх болох, хохирогч байвал илүү эерэгээр ханддаг байдал арилахгүй үргэлжилсээр л байна. Монголын хэвлэл мэдээллээр цацаж буй зар сурталчилгаанд хүртэл эмэгтэйчүүдийг гал тогооны хэрэгсэл эзэмшигч, эх, гэрийн эзэгтэйн үүрэгтэйгээр үзүүлэх нь буурахгүй байгаа бөгөөд хоёр жилийн өмнө ягаан өнгөтэй хайруулын тавгийг Мартын 8-ны шилдэг бэлэг гэсэн сурталчилгаа фэйсбүүкт цацагдаад эмэгтэйчүүдийн эсэргүүцлээр устгаж байсан удаатай” гэдгийг онцолсон юм.

Харин оролцогчдын зүгээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүхий л салбарт жендерийн мэдрэмжтэй манлайлал бий болгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байлаа. Эмэгтэйчүүдээ дэмжиж, улс төр, нийгмийн хөгжилд шинэ хандлага, соёл бий болгож, оролцоо, тэгш төлөөллийг нэмэгдүүлэх гарцын талаар зөвлөлдсөн энэхүү хэлэлцүүлгийг Жендерийн үндэсний хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо дэмжин оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *