Шадар сайд С.Амарсайхан 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах дарааллыг танилцуулж байна.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийсэн. Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг 3, 4-р сард багтаан вакцинжуулах, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдэд 5, 6-р сард вакцинжуулалт хийж дуусгаад, долдугаар сарын нэгэн гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өчигдрийн байдлаар нийт 15 мянган хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Юун түрүүнд зорилтот бүлгийг хамруулахаар жагсаалтыг гаргасан. Үүний дараа иргэдийг дархлаажуулах талаар мэдээлж байсан.
Тэгвэл Ковид-19 вирусийн эсрэг вакцинжуулах ажлыг олон нийтэд эрчимжүүлэх хуваарийг өнөөдөр зарлана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.