– УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ 1500 ГА-ААР НЭМЭГДҮҮЛНЭ –
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хаврын тариалалт, мал төллөлтийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу явагдаж байгааг мэдэгдэв. Энэ онд манай улс 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, долоон мянган га-д жимс жимсгэнэ буюу нийт 530.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авахаар тооцсон аж. Мөн 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт тавьж, хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа орсон гэв.
Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор гурван компанид үр импортлох зөвшөөрөл олгожээ. Эдгээр аж ахуйн нэгж Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх юм байна. Одоогийн байдлаар ОХУ-аас 900 гаруй тонн улаанбуудайн үрийг хүлээн авчээ. Мөн 3400 орчим тонн үр удахгүй ирэх юм байна. Түүнчлэн, тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайны үр 500 тонн, хошуу будааны үр 650 тонныг тус тус импортоор авсан байна. Хүнсний ногооны тухайд Польш улсын засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлжээ.
Энэхүү төслийн хүрээнд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийт 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх аж. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт нэг га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагч, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор болсон байна. Энэ нь зургаан жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээл аж. Ингэснээр усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэнэ гэв. Түүнчлэн, улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 метр квадрат талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, дөрвөн төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлнэ хэмээн тооцсон байна.
ӨВС ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар мал хаваржилтын байдал хэвийн байгаа аж. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаа учир салбарын яамнаас анхаарч эхэлсэн байна. Тодруулбал, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, 2021 оны төл хүлээн авалт, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, бэлчээр, нийтийн эзэмшлийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал, амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх албан даалгавар өгчээ.
Хаврыг хохирол багатай давж гарахад малын бүх төрлийн тэжээлийн хангамж, нийлүүлэлт хамгийн чухал аж. Энэ хүрээнд тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгжтэй 120 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулжээ. Ингэснээр 2021 оны мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байгаа аж. Түүнчлэн, Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс таван сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн бүх суманд болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгож байгаа аж. Үүнээс гадна зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, таван аймаг, 74 сумын 45.750 малчин өрхийн 19 сая 240 гаруй мянган толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 300 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэх тооцоо гарсан байна. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгожээ. Ирэх сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулах аж.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсон. Үүнд хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох аж. Ноолуур болон тариалангийн салбарыг дэмжих 300 тэрбум төгрөгийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх аж. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байна. Уг зээлийг малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгааг хэлэв.
Г.БАТ